Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг ээлжит XXIX хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
2019/11/28
28
11 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж,  "Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай", "Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай", "Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай" асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. 

Хуралдааны эхэнд нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв. Нийслэлд 2020 онд 985 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд суурь орлого 894.1 тэрбум, суурь зарлага 338.1 тэрбум, улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсөлд тусгажээ. Ирэх оны төсөв Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр орлого нэмэгдүүлэх чиглэгдсэн талаар холбогдох албанаас онцлов. Түүнчлэн Улаанбаатар хотын хэт их  төвлөрөлийг  сааруулах, авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэл хийх зэрэг томоохон ажлуудыг ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнтэй уялдуулан нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна. Харин Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ногоон байгууламж нэмэгдүүлэх бодлого баримталсан гэдгээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас онцоллоо. Ингэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрын арчлалт, хамгаалалтыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах аж. Хуралдааны үеэр Тэргүүлэгчид иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй газраа зориулалт бусаар ашиглаж, олон хүндрэл учруулдгийг дурдаад энэ чиглэлд анхаарч ажиллахыг сануулав.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас ирэх онд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн зэрэг есөн барилга, байгууламжийг хувьчлахаар санал оруулсан. Өмчийн харилцааны газрын мэдээлж буйгаар  ирэх онд есөн барилга, байгууламжийг хувьчилсанаар нийслэлийн төсөвт 68.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Тэргүүлэгчид хуралдааны төсгөлд дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Ингэхдээ Тэргүүлэгчдийн олонх нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн байр, Баянгол дүүргийн I хорооны ӨЭМТ-ийн барилгуудыг  хувьчлах  шаардлагагүй гэж үзэв. Улмаар уг асуудлыг “дэмжээгүй” гэдэг саналтайгаар нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.