Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
2019/11/22
22
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсож, төлөөлөгчид санал хэлэв. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хот 380 жилийн түүхтэй бөгөөд 1994 онд УИХ-аас “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлан гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 130 гаруй төрлийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна. Тус хуулийг батлан, хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 25 жилийн хугацаанд нийслэлийн үйл ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, тэр хэрээр олон асуудлыг зохицуулах шаардлага тулгарч буй. Тухайлбал, Улаанбаатарын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын түгжрэл ихсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүхий л талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Нөгөөтэйгүүр, 1994 онд баталсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн зүйл, заалт цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах, хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг үүсгэж, эрх зүйн хийдлийг бий болгож буй. Иймд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан, танилцуулж буй. Шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй. Төсөлд нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, эдийн засгийн хувьд бие даан шийдвэр гаргах, тулгамдаж буй асуудлаа эдийн засгийн аргаар буюу хураамж, төлбөр тогтоох замаар шийдвэрлэх боломж бүрдүүлэх, иргэдэд чиглэсэн нийтийн эрх ашигт нийцсэн, тав тухтай оршин суух орчныг бүрдүүлэх зэргээр тодорхой зохицуулалтуудыг тусган өгсөн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэллээ.

Мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ дахь намын бүлэг, хороодын санал, дүгнэлтийг таницуулав. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг төлөөлөгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. Танилцуулгад “Шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн байна. Иймд МАН-ын бүлгээс “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцэж, холбогдох байгууллагад уламжлахыг дэмжиж байна” гэжээ. Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга, төлөөлөгч Ж.Батсайхан танилцуулав. Тус хорооноос зарим зүйлсийг анхааруулж, зарим асуудлаар санал хураалгах санал гаргав.

Ийнхүү танилцуулга, санал дүгнэлтийг сонссоны дараа төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тоймлон хүргэе.

Төлөөлөгч С.Мөнхчулуун: -Зарим хороо, дүүргийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх зүйл, заалт оруулж байгаад талархаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ИТХ-ын Тэргүүлэгч гэдэг ойлголт үгүй болсон. Тэгэхээр Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр хүчинтэй байх уу. Нийслэлийн ИТХ цаашид Тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулах уу. Ерөнхий менежрийг Ерөнхий сайд томилно гэсэн байна. Тэгэхээр хотын бие даан шийдвэр гаргах чадавх буурах юм биш үү. Энэ ямар ач холбогдолтой юм бэ. Ерөнхий менежер эргээд Засаг даргынхаа удирдлагад орохгүй байвал яах вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: -Хуулийн төслийг боловсруулаад, өргөн барихад өмнөх Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. ИТХ-д өргөн баригдсан зүйлийг бид засварлах боломжгүй. Хуулийн төсөлд та бүхнээс санал авч байгаа. Та бүхний саналыг тусгаж, нэгтгээд эрх бүхий этгээдэд уламжлах асуудлыг бид хийнэ. Өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төслийг энэ чигээр нь явуулчихна гэж ойлгож болохгүй. Та бүхний саналыг л авч байгаа юм. Бид бүх л газраас хуулийн төсөлд санал авсан. Нэгтгээд Ерөнхий менежрийг Ерөнхий сайд томилох нь зүйтэй гэсэн төсөлд тусгасан. Гэхдээ эцсийн санал дүгнэлтийг та бүхэн гаргах юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: -Хотын Ерөнхий менежертэй холбоотой ийм заалт байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Уг асуудлыг ажлын хэсгийн хурал дээр ярьсан.

Хууль, эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан: -Үндсэн хуулиас Тэргүүлэгчид хасагдсан боловч хориглосон зүйл, заалт байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд энэ талаар тодорхой заасан байдаг. Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Тэргүүлэгчид хориг, хязгааргүйгээр үүргээ үргэлжлүүлэх боломжтой.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Үндсэн хуулийн IV бүлэгт нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой хэдэн өөрчлөлт орсон. Түүн дотор Тэргүүлэгчдийн асуудал анхаарал татаж байгаа. Мөн хуулийн 57.2-т хоёр үндсэн санаа явж байгаа. “Улсын харьяалалтай хот, тосгоны өөрийн удирдлагын зарчмыг хуулиар тогтооно”, “Улсын харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн хоёр санаа явж байгаа. Энэ хоёр үзэл, санаан дотор бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгуудаа зөв хийх ёстой. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн эрх зүйн байдалтай холбоотой нэлээд хээн санаа явж байгаа, та бүхэн минь сайн хараарай. Ялангуяа, чөлөөт бүстэй байж болно, стратегийн ач холбогдол төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор өөрийн өмч, хөрөнгийг барьцаалж бонд гаргах, түүнийг санхүүжүүлэх эрх зүйн боломж нээгдэх ёстой санаанууд байж байгаа.

Төлөөлөгч Л.Нарантуяа: -Бид төсвийн бие даасан байдлыг илүү чухалчилж авч, үзэж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Үндсэн хуулийг батлах үеэр нийслэлийн статусыг аймгийн түвшинд авч үзсэн юм шиг санагдаж байгаа. Энэ асуудалд тодорхой тайлбар өгөөч. Төслийн 24 дүгээр зүйлд “Хороо өөрөө төсөвтэй байна” гэж заасан байна. Энэ нь бусад хуультайгаа зөрчилдөж байна. Үүнд тайлбар өгөөч?

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: -Нийслэлийн статусын талаар Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй. Хуулиар тогтооно гэсэн заалт хэвээрээ байгаа. Тэр дагуу бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, та бүхэнд танилцуулж байна. Бид аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо төсөвтэй байна гэсэн заалт оруулж ирж байгаа. Гэхдээ хорооны төсвийг яаж батлах вэ гэдэг зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол төвөгтэй байдал үүснэ.

Төлөөлөгчид тодруулга мэдээлэл авсны дараа саналаа хэлэв.

 

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Хотын бие даасан байдлыг алдахгүй байх ёстой. Эдийн засгийн болон улстөрийн эрх мэдэл байхгүй бол Улаанбаатар хот цаашид хөгжихгүй. Тиймээс УИХ-ын гишүүд болон Ажлын хэсэг анхаарах ёстой.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд орлого олох бололцоо бол чөлөөт бүс гэж харж байгаа. Хотын Ерөнхий менежрийг Ерөнхий сайд томилдог асуудал байж болохгүй. Хот өөрийн эрх мэдлийг Засгийн газарт өгч байгаагаас ялгаагүй асуудал. Ийм асуудал байж болохгүй.

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, гарсан саналыг нэгтгэж, нэмж тусгах үүргийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болгов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.