Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ, АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТЭМДЭГЛЭЛ /хоёрдугаар хэсэг/
2019/11/08

ҮГ ХЭЛСЭН НЬ:

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -Оролцогч нар бичгээр саналааа өгч байгаа. Бичгээр өгсөн саналууд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчид очно. Нэмж санал өгөх хүмүүс бичгээр саналаа өгөх боломжтой юм байна гэдгийг хэлье. Сонсгол хууль, журамтай. Тиймээс бүх хүнд үг хэлэх боломж олгоно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Тулгат: -Би асуултдаа тодорхой хариулт авмаар байна.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -Хэнээс тодруулга авах вэ.

АСУУСАН НЬ:

НИТХ-ын төлөөлөгч Ц.Тулгат: -Шаталтын шинжилгээ хийсэн гэсэн. Хийсэн материалыг авъя. Хоёрт, бүх төрлийн зууханд туршил хийсэн гэлээ. Хэзээ хийсэн юм бэ. Асуудал үүссэний дараа хийсэн юм уу, өмнө нь хийсэн юм уу. Гуравт, үнэхээр бүх төрлийн зууханд хийсэн шинжилгээгээр асуудалгүй гэсэн юм бол сая яагаад ийм асуудал гарч, төрийн албан хаагчдыг нийтээр нь дайчилж гэр хорооллоор зааварчилгаа, зөвлөгөө өгүүлэв. Иргэд өнөөдрийг хүртэл гал түлэхээ хэнээр ч заалгахгүй амьдарч ирсэн. Гэтэл өнөөдөр юу болоод байна вэ. Мэдрэгчтэй холбоотой асуултад баталгаа гээг хариулт сонссонгүй. Сонсголын бэрхшээлтэй хүн дохиог сонсохгүй байх магадлалтай гэсэн болохоос тоног төхөөрөмжийн хувьд баталгаатай гэдэг хариулт хэлсэнгүй. Тодорхой хариулт авмаар байна.

ХАРИУЛСАН НЬ:

ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд: -Гаалийн байгууллагаар барьцалдуулагч бодис хэчнээн хэмжээтэй орж ирсэн бэ гэж асуусан. 2018 оны 09-р сараас 2019 оны 10-р сар хүртэл нийт 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодис оруулж ирсэн. “Тавантолгой түлш” болон “Эм солюр” гэдэг компаниуд оруулж ирсэн. Эдгээр компаниуд өөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай, химийн ямар бүтэц найрлагатай вэ гэдгийг тодорхой бичсэн. Бид бодисоос дээж авч шинжлэхэд цардуул, шаварлаг эрдсээс тогтсон цавуулаг бэлдмэл байна гэж тодорхойлсон. Түрүүн хэлсэн химийн бодис мөн үү гэж. Энэ бол цэвэр химийн бодис биш. Цардуул нь өөрөө шаварлаг, шатахаараа ус болж хувирдаг. Тийм учраас ямар нэгэн аюулгүй. Эрдэслэг шаврын талаар түрүүхэн тайлбарлалаа. Дэгдэмхий биш, шатахаараа үнс болж үлдэнэ. Тэгэхээр ямар нэгэн аюултай бодис биш. Үүнийг зөв тайлбарламаар байна. Үүнээс гадна цардуулагч бодисыг барьцалдуулагчаар хэрэглэдэг олон улсын туршлага бий. Олон улсын сэтгүүлчид, шинжээчид цардуулыг барьцалдуулагч бодис болгон хэрэглэхэд ямар нэгэн аюулгүй гэсэн өгүүлэг гарсан байгаа. Манай лаборатори улсын хилээр импортолж буй болон экспортолж буй бараа, бүтээгдэхүүний шинжилгээг хийдэг. Нүүрсний тухайд гэвэл “Энержи ресурс” компанийн баяжуулсан коксжих нүүрсийг ашигладаг. Шинжилж үзэхэд боловсруулаагүй болон боловсруулж баяжуулсан нүүрс хоёрын дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага байгаа. Боловсруулаагүй нүүрсний дэгдэмхий бодис 40-45 хувьтай байхад сайжруулсан түлш хийж буй нүүрснийх 18-23 хувьтай байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр шатаад гарч байх ёстой дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага буюу та бүхэн хоёр дахин бага хордож байна гэсэн үг. Манай лаборатори эцсийн бүтээгдэхүүн бодис нүүрс, барьцалдуулагч бодис дээр нь шинжилгээ хийж байна.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -Хариулт дууссан гэж ойлголоо.

НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа: -Дуусаагүй байгаа. Иргэдийн толгой өвдөж байгаа нь ямар учиртай вэ. Хийтэй холбоотой юу гэдгийг тайлбарлаж өгөөч гэсэн. Мөн айлуудаар “Тавантолгой түлш” ХХК-аас төсөл хэрэгжүүлж байгаа юу. Мөн стандартын шаардлага хангахгүй хэдэн айл байна вэ гэж асуусан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Батбилэг: -Сурталчилгаа, таниулах зөвлөмжийн ажил хийгдэж байгаа юу гэсэн асуулт байна. Манай сервес үйлчилгээний төв гээд 360 залуу 24 цагаар ажиллаж байна. Компанийн сервес дээр үзлэг хийсэн өрхийн тоо 22.056, нийт ирсэн дуудлагын тоо 1710, заавар зөвлөмж өгсөн өрхийн тоо 996, дуудлагаар очиж үйлчилсэн өрхийн тоо 714 гээд сүүлийн мэдээлэл байна. Дуудлагаар үйлчилсэн гэхээр ханан пийшинтэй айлуудын пийшинг өрж, цэвэрлэх зэрэг техникийн ажлуудыг ч манай залуучууд хийж байгаа. Түүнээс гадна дуудлагын төвийн утас байнга ажиллаж байгаа. 7011-9400  гэсэн утсанд дээр нийтдээ 15 хүн 24 цагаар ажиллаж иргэдийн санал, гомдлыг хүлээн авч, барагдуулах чиглэлээр сервес брагиад шуурхай ажиллаж байна. Сурталчилгаа хийх чиглэлээр нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар сурталчилгаа маш олон материал хийж тараасан. Одоогийн байдлаар 156.000 өрхөд хүргэсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Манай залуус одоо ч дуудлагад гарахад бэлэн байгаа. Мэдээлэл авах талаар ярилаа. Энэ нээлттэй. Агаарын бохирдолтой тэмцэх газрын шаталтын шинжилгээ хийсэн лабораторийн дүгнэлтүүд, гадаадаас ирсэн дүгнэлтүүд НМХГ-т эх хувиараа байгаа.

Сонсгол даргалагч Р.Дагва: -Тэр залуу түрүүнээс хойш гар өргөөд байна. Та яах хүсэлтэй байна вэ. Асуулт асуух хүн олон байх шиг байна. Хоёр жигүүрээс ээлжилж асуух зарчмаар асуултыг нь сонсъё.

Уул уурхайн инженер Хүрэлбаатар: -Би 62-той. Насаараа уул уурхайд ажиллалаа. Яг утааг бариад эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн байна уу. Би арав гаруй жил хийлээ. Яг энэ цаг мөчид хэчнээн тонн түлш түлж байгааг мэдэх үү. Улаанбаатарт дөрвөн цахилгаан станц ажиллаж байна. Эд нэг цагт 240 гаруй тонн түлш түлдэг юм. Дээрээс нь гэр хорооллын өрхүүдийн түлш буй түлшийг нэм. Энэ мэтээр би арав гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. Тайлангийн минь хавтас урагдчихсан байна. Хэчнээн Засгийн газар дамжив. Герман, Чехүүд бидэнд зөвлөгөөг нь өгчихөөд байна. Хариулт нь энэ байна. Мэдэхгүй бол асуу.

Баянзүрх дүүргийн иргэн Амарзаяа: -1.5 сая хүн одоо биднийг хараад сууж байгаа. Өнөө орой бид угаартахгүйгээр, айх айдасгүйгээр унтаж чадах болов уу гээд хараад сууж байгаа. Гэтэл бид эндээс ямар ч гарц, гаргалгаагүйгээр гарах нь. Би гурван зүйл асууя. Иргэд ямар нэгэн юм үнэртэж байна гэж байгаа. Яг юу үнэртээд байна вэ. Хоёрт, толгой нь өвдөж, хоолой загатнаж байна гэж маш олон хүн ярьж байна. Энэ ямар шалтгаантай юм бэ. Гуравт, хүмүүс яагаад угаартаж үхээд байгаа юм бэ?

Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Энхсайхан: -Улаанбаатарт амьдарч байгаа бүх хүн утаагүй байгаасай, аятай амьдрах юмсан гэж бүгд бодож байгаа. Тиймээс өнөөдрийн энэ сонсголоор зөв асуудал яригдаж байна гэж бодоод би энд сууж байна. “Тавантолгой түлш” компанийн инженер хүн энд сууж байна. Асуух зүйл байна. Нэг үнэр үнэртээд байна. Тэр юуны үнэр вэ. Би хүхэр гэж бодож байна. Хамгийн гол нь бид энэ түлшийг сайжруулахын тулд ингэж ярьж байгаа гэж ойлгож байна. Нэг хэлэх зүйл байна. Шахмал түлшний чинь хэв арай бага байна. Хэвийг нь жаахан томруулаач ээ. Тэгвэл шаталт нь удаан болно шүү дээ. Бас борлуулт дээрээ анхаарч ажиллаач ээ. Карт нь байна. Тэр картыг чинь ашиглахгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэн Намнангарав: -Надад гурван асуулт байна. Шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой хэдий хэмжээний зардал улсаас гарч байна вэ. Өмнөговиос нүүрс тээвэрлэж, энд агуулж байна. Улмаар борлуулалт, түгээлтэд зардал их гарч байгаа байх. Тэгээд дээрээс нь утаа мэдрэгч хүртэл худалдаж авч байгаа. Тэгэхээр зардал гарч байж таарна. Бас гаалиар Хятадаас барьцалдуулагч бодис оруулж ирж байна гэдэг чинь мөнгөө гадагш нь гаргаж байна гэсэн үг. Энэ чинь хайран биш үү. Монгол Улсын стандартад нийцсэн гэж байна. Монгол Улсын стандарт чинь хүнээ алах стандарттай юм байна. Найман хүн үхчихээд байна. Хэдэн зуун хүн угаартаад эмнэлэгт хэвтэж байна. Сая хэлж байна 1000 дуудлага ирсэн гээд олон тоо хэлж байна. Ийм асуудалтай байгаа юм чинь энэ хүмүүсийн үхэх магадлал 50-иас дээш хувьтай байгаа юм биш үү. Үүнийг бодолцооч гэж байна. Гуравт, судлаачид хэлж байна, ханан пийшин эрсдэлтэй байна гэж. Энэ үнэн. Ханан пийшинг хөөлж чадахгүй. Утаа гараад битүүрчихсэн байхыг мэдэхгүй байж байгаад угаартвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Дахиад хүн үхвэл нийслэлийн удирдлага, УИХ-ын гишүүд ямар хариуцлага хүлээх юм бэ.

Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны иргэн Дамдин: -Нийслэлийн ИТХ-ын 12 төлөөлөгчдөө баярлалаа. Иргэдийнхээ үгийг сонсож, хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнэлж цаашид алдааг залруулах талаас нь ажиллаж байгаад баярлаж байна. Би 40 орчим жил энгийн зууханд гал түлж амьдарч байна. Бидэнд энэ шахмал түлш хэрэгтэй байна. Дулаанаа сайн барьж байна. Хамгийн гол нь иргэд зөв хэрэглэж сурах нь чухал байна. Харин албаныхан хүртээмжтэй болгох хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Наранцэцэг: -Улаанбаатар хот 380 жилийнхээ ойг саяхан тэмдэглэж өнгөрүүллээ. Бид бүгд цөмөөрөө Улаанбаатарын иргэн учраас утаагүй орчинд амьдрахыг хүсэхгүй хүн байхгүй. Шахмал түлшийг хэрэглэхдээ 2-3 кг-ыг нэг удаа хийнэ гэсэн байгаа юм. Жин дээр тавиад үзэхээр 50 ширхэг нь ийм жин дарж байгаа. Тэгэхээр нэг нь 60 грамм байна гэсэн үг. Гэтэл нэг шуудайнаас найман кг хог гарч байна. Энэ хэмжээний хогийг мөнгөөрөө худалдаж авч байна гэсэн үг. Тэгээд тэр тараах материал дээр дээрх хогоо түлж болохгүй байна. Хоёрт, түгээлт муу байна. Бид өвөл тав, зургаан шуудайг түлнэ. Манайх өвөл хоёр тонн Багануурын нүүрс түлдэг айл. Гэтэл тэрийг яаж авах уу, сайжруулсан түлшний мөнгийг төлөөд тонноор нь авъя гэхээр нэг тонн түлш 20 шуудай болно. Шуудай ямар үнэтэй байх вэ, бас түүнийг савлах гэх мэт асуудлыг бодолцох хэрэгтэй байна. Үүнээс гадна нэмээд хэлэхэд бүх юмыг бүтэхгүй гэж болохгүй шүү дээ. Өрхийн тэргүүн байна уу, бүгд хариуцагатай байх хэрэгтэй. Тэр 20, 30, 40, 10 жил болсон пийшин бий. Түүнийгээ жаахан арчлаад, болох талаас нь ард түмэн дэмжих хэрэгтэй. Утаа утаа л гээд байна. Өнөөдрийн түвшинд утааг хэмжих боломжгүй байна. Цаг агаар дулаахан байна шүү дээ. Бидэнд одоо сонголт байхгүй. Сайжруулсан түлшээ л түл. Харин тэр хог гэх мэтийг нь сайжруулах хэрэгтэй.

Баянгол дүүргийн Х хорооны иргэн: -Бид өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Бид дөрвөн хүүтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Манайх хосолсон пийшин, нам даралтаар гэрээ халаадаг. Тэгээд пийшингээ солиод зөвхөн нам даралтаар халааж байна. Өмнө нь нэг өрөөний минь паар халдаггүй байсан бол одоо сайн халж байгаа. Хог их гарч байгаа талаар хорооны Засаг даргад хэлсэн. Солиулж болно гэж байна. Манай хороонд түлш борлуулах ганцхан цэг байдаг. Тиймээс цэгийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй юм билээ. Уулан дээр хүмүүс бууж түлш авдаг болохоор цэгийг хойно байрлуулах хэрэгтэй юм билээ. Би хороотойгоо нийлж “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” гээд ажиллаж байгаа. Энэ түлш 10 орчим минут саарал утаа гараад зүгээр болдог юм билээ.

Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Байгалмаа: -Өнгөрсөн тавдугаар сараас хойш сайжруулсан түлшний асуудал яригдаж эхэлсэн. Тэр үеэс эрдэмтэн, судлаачид ярьж хэлж болох байсан байх. Хэрэглэгч хүний хувьд надад хүндрэлтэй асуудал алга. Харин үнс их гардаг юм билээ. Нүүрс түлдэг байхад утаа ямар байсныг ард түмэн мэдэж байгаа. Тиймээс юм хийж байгаа нэгнийгээ дэмжиж, болохгүй бол сайн ярилцая. Түүнээс биш нэгнийгээ дагаж туульшрах шаардлагагүй. Би энэ сайжруулсан түлшийг дэмжиж байна. Хорооноос айл өрхүүдээр явж байна. Янданг хөөлөх төсөл явж байна гэсэн. Тийм бол сайн л биздээ. Хүнийхээ төлөө. Тэгэхээр бид үлгэр дуурайл үзүүлж, болох болохгүй талаас нь харах хэрэгтэй.

Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн: -Манай охин химийн эмчилгээ хийлгэдэг. Ерөнхийдөө эмчилгээгүй болчихсон. Өнгөрсөн аравдугаар сарын эхээр угаартаад байснаа мэдэхгүй эмнэлэгт хандсан. ЭХЭМҮТ-д очоод үзүүлэхэд угаартчисан байсан. Тиймээс би химийн эмчилгээ хийдэг, эмчилгээгүй болчихсон хүүхэд байнга угаартаад байхад хариуцах хүн байхгүй хэдэн эмнэлгийн хооронд явуулаад байх юм. Үүнийг хэн хариуцах вэ. Харин түлшийг түлэхэд урамтай, сайхан. Хамгийн гол нь химийн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийг яах вэ. Толгой эргэж, дотор муухайрч байгаа. Ээжийн минь толгой байнга өвддөг. 2013 оноос эхлэн би охиноо эмчлүүлж эхэлсэн. Тиймээс харж байгаад үхүүлчихмээргүй байна. Хаана, хэнд хандах вэ. Хэлж өгч туслаач.

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Эрдэнэчимэг: -Би хоёр зүйл асууя гэж бодсон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сууж байна. Эд маань мянга мянган иргэдийн саналыг аваад төлөөлөл болсон учраас хурал дээрээ “Тавантолгой түлш” компанийнхнаас асууж тодруулаад, сэтгэл гаргаад дараа нь бидэнд хариулт өгч байгаач ээ. Ийм арга хэмжээ зохион байгуулчихаад бидний санал хүсэлтийг асуугаад байх юм. Төлөөлөгч та бүхэн сонгогдсон тойрогтоо очоод бидний саналыг сонсчихоод, тайлангаа хэлж өгч байгаач гэж хэлмээр байна. Өөр нэг асуудал байна. Шахмал түлшийг түлэхэд үнэхээр урамтай. Эрдэмтэд нийслэлийн ИТХ-д сонгогдсон хүмүүстэй хамтарч ажиллалаач ээ. Битгий улстөржүүлээч ээ та хэд минь. Нэг хүсэл, зорилготой ажиллалаач ээ. Тэгвэл бид та бүхнийг дэмжинэ. Намчирхахгүй бэлэн байна. Нэгдэж ажилласан бол өнөөдөр биднийг цуглуулж, ард түмнийг хооронд нь хэрэлдүүлэхгүй байсан. ИТХ-д сонгогдсон бол иргэдийнхээ л ажлыг хий. Тэр хуралд нь асуудлыг дамжуул.

ХХVII хорооны иргэн Цэрэнпил: -Би энэ түлшийг хавраас хойш түлсэн. Одоо ч түлж байна. би эдний борлуулагчаар ажиллаж байна. Хогтой савлагаагаа өөрөө хийдэг. Хүмүүс нь хогоо нүүрс авсан цэгтээ аваачиж өгөх зохицуулалт нь бий. Энэ ганцхан компанийн асуудал биш. Өрхийн тэргүүн яагаад өрхийнхөө төлөө ажиллаж болохгүй гэж. Зуун тоосго аваад пийшингээ өрж яагаад болохгүй гэж. Үүнд компани ямар буруутай юм бэ. Өмнө нь хүмүүс нүүрсэнд хордоод бурхан болж л байсан. Хэн хариуцлага хүлээж байсан юм бэ. Өөрсдөөсөө эхлээч ээ. Өмнө нь нүүрснийхээ хогийг хэн буцааж авч байсан юм.

Иргэн: -Бид бүгдээрээ утаагүй сайхан амьдрах юмсан гэж бодож байгаа. Тийм ч болоод “Тавантолгой түлш” компанийнхан саяны эгчийн хэлдгээр хортой ч бай, хоргүй ч бай ажиллаж байна. Түрүүний залуу олон дуудлага ирлээ гэж хэлж байна. Дуудлага ирэхэд муудах юм байгүй. Хүн сэрэмжлүүлээд, зөвлөгөө авч болно. Бид биеэ өвдөхөд ч дуудлага өгдөг. Үүнийг битгий хүндрүүл ээ. “Тавантолгой түлш” энэ ажлыг нууж хийгээгүй ээ. Тиймээс битгий хүндрүүл ээ. Гэр хороололд амьдарч байгаа хэд хоорондоо ярилцдаг, танайх яаж байна гэж. Бүгдээрээ л сайхан байна гэдэг. Яндан цоорхой, пийшин нь задгай юм бий. Яах вэ дээ хүний л амьдрал. Үүнийг нилээд, нэгдээд хийхэд буруутгах зүйл байхгүй. Нэгнийгээ битгий буруутгаарай. 

“Ширээтийн хурд” компанийн захирал Хуягбаатар: -Манай компани өнгөрсөн жил Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч Сонгинохайрхан дүүрэгт хоёр тонн түлш үйлдвэрлэсэн. Түлшийг яаж үйлдвэрлэдэг, борлуулдаг гээд бүх зовлонг бид хамгийн түрүүнд амссан юм. Бид Монгол Улсад анх удаа барьцалдуулагчийг нь үйлдвэрчихсэн байгаа. Энэ ямар ч хоргүй. Миний цүнхэнд байна, идсэн ч болно. “Тавантолгой түлш” Монголд түлшний хувьсал хийж байна шүү дээ. Тэгэхээр гаднын улсаас аль бүр барьцалдуулагч авах шаардлага байна уу. Дотоодоосоо авч, бидэнтэй хамтарч ажиллаж болно шүү дээ.

Сүхбаатар дүүргийн ХIХ хорооны иргэн: -Энэ залуу шиг үнэн юм ярьцгаая. Хамтарч ажиллая, маргалдаад яах вэ. Энэ түлшийг бүгд сайн байгаа л гэж байна. Саяны залуу шиг би ингэж хамтарч ажиллая гэж хэлэх хүн хэрэгтэй байна. Тэгэхгүй тэр үхлээ, ингэлээ гэж ярих хэрэггүй. Би ганцхан юм л асууя. Борлуулалт тун муу байна. Цэгийн тоогоо олшруулах хэрэгтэй байна. Бас түрүүн нэг залуу хэллээ, түлшийг голдоо нүхтэй хийж хурдан шатаая гэж. Энэ мэт асуудлыг л анхаарах хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн ХХХIII хорооны иргэн: -Олон жил ярьсан нүүрсний асуудлыг эхлүүлж, амжилтад хүрч байна гэж үзэж байна. Энэ бол хөдөлмөр шаардсан, хэл ам дагуулсан ажил. Шинэ ажил бүр хэл амтай байдаг. Тэгэхдээ даваад гарах байх. Нүүрснээс жаахан үнэр ялгарч байгаа шүү. Та бүхэн яриад технологийг нь сайжруулах байх. Үүнээс гадна борлуулалт хийж буй залуус хүнд суртал ихтэй байна. Нэг хөгшин усны тэргээ түрж очоод авчих газар байгуулах хэрэгтэй шүү. Энэ асуудалд анхаарал тавиарай.

Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ж.Туяа: -Би саяхан сайжруулсан түлш түлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хоёр хорооны 200 гаруй айлаар явж тараасан. Хүмүүс сэтгэл өндөр байгаа. Ганц, хоёр хүн цахилгааны төлбөрийг тэглэж, цахилгаанаар халаадаг болбол яасан юм бэ гэсэн санал хэлсэн. Ер нь хүмүүс сайжруулсан түлшинд сэтгэл өндөр байгаа.

Иргэн: -Сайжруулсан түлш үнэхээр тааламжтай байгаа.  Янз бүрийн санал, гомдол гээд сөрөг юмнууд мэдээж байгаа. Энэ иргэдээс шалтгаалж байгаа. Өөрсдөө зөв галлаж, өөрсдөдөө анхаарал тавьж, цэвэр тухтай орчинд амьдрахын тулд яндангаа хөөлөх хэрэгтэй. Нийслэл дүүргийнхэн бүгд хамтарч ажиллаж байгаа. Тиймээс сөрөг юм ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрүүн төлөөлөгч Цацралтуяа хэлж байна, хүний толгой өвдсөн гэж. Хэдэн хүний толгой өвдсөн гэдэг баримт нь байна уу.

Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн: -Аравдугаар сарын 7-нд онц байдал зарласнаас хойш айл өрхүүдээр явж байна. “Тавантолгой түлш”-ээс асууя. Заавал хоёр сая төгрөг байршуулах ёстой юу. Цэгүдийн асуудал хүнд байна. 250 орчим өрх дунд нэг ч цэг алга. Иргэн, худалдааны нэгж тийм мөнгө байршуулах боломж алга. Яаж хамтарч ажиллах вэ. Үүнд анхаарч өгөөч. Хоёрт, хог ерөөсөө гаргамааргүй байна. Нүүрсний нунтагнаас болж их асуудал үүсч байна гэж би бодож байна. Үүнээс болж дутуу шаталт үүсээд байна. Манай дээр ийм асуудал гарсан. Харин тэр айлын эзэгтэй сэргэлэн тулдаа арга хэмжээ авах. Мөн түлшний хэмжээг томосгох хэрэгтэй байна.

ХАРИУЛСАН НЬ:

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: -Асуулт асууж дууслаа. Зарим оролцогч саналаа хамтад нь хэллээ. Толгой өвдсөн, хоолой хорссон гэдэг асуултууд нэлээд давхцаж гарлаа. Д.Наранбаатар доктороос хариулж эхэлье.

Доктор Д.Наранбаатар илтгэл танилцуулав. /Танилцуулгыг хавсаргав/

ХАРИУЛСАН НЬ:

Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий инженер Ж.Батбилэг: -Улаанбаатар хотод түлж байгаа нийт түлшний хэмжээг мэдэх үү гэж асуулаа. Улаанбаатар хотод 5.5-5.8 сая, станцууд таван сая орчим, айлууд нэг сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Халаалтын зуухнууд 200-300 мянган тонн орчмыг хэрэглэдэг. За энэ үнэртээд байгаа тухай асуудлууд байна. Энэ их чухал асуудал. Энэ асуудалд бид та бүхэнд нээлттэй хэлж байгаа. Эрдэмтдийн ярьж байгаа болон ирж байгаа судалгаа, дүгнэлтүүд бас би өөрөө энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд санаа зовж, анхаарч ажилладаг. Олон төрлийн нүүрсний найрлага бүгдээрээ өөр. Тэгэхээр ямар нэгэн байгалийн менерал, хортой бодис байх вий гэдэг үүднээс шинжилгээ, судалгаа нэлээд хийлгэсэн. Одоо гол барьдаг элементүүдийг хэмжээд явж байгаа. Үнэр судалдаг аппарат багаж, хэрэгсэл байдаг юм байна. Бид тэр чиглэлээр судалгаа хийгээд явж байна. Үүнийг нарийвчлан судлах шаардлагатай. Сая Д.Наранбаатар докторын ярьж байгаа үндэслэл байна. Бага хэмжээгээр ч угаар ялгарч байгаа гэж. Тэгэхээр бид ялгарлыг багасгахын тулд зуухны бүтэц, галлагааны арга техникт анхаарч ажиллах ёстой юм байна. Олон эрдэмтний судалгаа байдаг. Зуухны таталтыг сайжруулна гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эргээд нөгөө хөөлөх зэргээр таталтаа сайжруулъя гэсэн санаа. Багануурын нүүрс бол байгалиасаа хүхэр багатай, чийг ихтэй гээд сайн талтай үзүүлэлтүүд, арван хэдэн үзүүлэлт бий. Олон эерэг үзүүлэлт бий. Бас сөрөг тал олон бий. Угаарын хэмжээ нь 40 хувь гэхэд бид хоёр дахин бага гээд ярьвал олон юм бий. Бид хоёр, гурван жилийн өмнөх байдлаа мэдэж байгаа. Одоо бол гэгээ тусгах гээд байгаа шинж тэмдэг байна аа. Тиймээс бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэх гээд байна.  За зардал, чирэгдлийн хувьд өндөр байгаа. Бид “Энержи ресурс” компанид баярлалаа гэж хэлэх ёстой. 800 мянган тонн нүүрсийг үнэгүй хүргэж, 12-13 сая ам.долларыг нийгмийн хариуцлагын үүднээс тэр компани өөрөө биеэ даагаад, дээр нь ажлын зардлаа хариуцаад өгч байгаа. Тэндээс ачиж байгаа тээврийн зардал 66-67 мянган төгрөг гарч байгаа. Тэгээд дээр нь эрчим хүчний зардал гээд нэлээд өндөр зардал гарч байгаа. Өртгөө тооцохоор 149.500 төгрөгөөр тонн бүтээгдэхүүн гарч байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг эргээд бүтээгдэхүүн болгож байгаа асуудал шүү.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек: -Засгийн газар 62 дугаар тогтоол гаргахдаа төрийн байгууллагуудын эрх, үүргийг хязгаарлаж,  зааж өгсөн байгаа. Сайжруулсан түлш үйлдвэрлэх үүрэг Эрчим хүчний яаманд, түлшийг Улаанбаатар хотод түгээх, тэвээрлэлт, эргээд борлуулалтын асуудалд нийслэлийн ЗДТГ үүнд оролцож байгаа. Тэгэхээр нийслэлээс түлшний үйлдвэрлэлийн тээвэрлэх, түгээх, улмаар эргээд борлуулсан тонн тутамд урамшуулал олгохыг нийслэлээс шийдэж байгаа.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: Асуулт, хариулт дууслаа. Дотоод журмаараа хэдүүлээ цаашаа явна. Нийгмийн эрүүл, мэндийн үндэсний төвийн Шуурхай удирлагын албаны дарга Даваадорж мэдээлэл хийнэ. Дараа нь сонсгол зохион байгуулахыг хүссэн төлөөлөгчдийг төлөөлж танилцуулга хийгдэнэ. Д.Баттулга дарга юм байна.

ТАНИЛЦУУЛСАН НЬ:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж: -Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Манайх химийн бодисын цочмог хордлогыг тандалт, мэдээлэл, бүртгэлийг хариуцдаг. Ер нь бол угаарын хордлого урьд нь ямар байсан юм бэ гэдэг талаар харьцуулсан мэдээлэл өгье гэсэн. Сая олон эрдэмтэн ярилаа. 80 хувь нь түүхий нүүрсний шаталтаас агаарын бохирдол байсан гэдгийг ярилаа. Тэгэхээр энд гол нэг эрүүл мэндийн шалтгаант тоо бол хэрэв түүхий нүүрс хэрэглэж байсан бол шинэ төрж байгаа таван хүүхдийн хоёр нь тодорхой хэмжээгээр амьсгалын замын оёнг, архиг өвчтэй болоод энэ нь сайн арга хэмжээ авахгүй бол залуу насанд нь яадаг гэсэн ийм судалгааг Монгол Улс нэлээд хэдэн жилийн турш хийсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэдэг вэ гэхээр цахилгаан, сэргээгдэх эрчим хүч зэргийг нэвтрүүлэх чиглэлээр бодлогын болон хөрөнгө оруулалтын түвшинд хийгээд хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах түлхүүр хүчин зүйл гэж үзэж байгаа. Үүний дагуу манай улсад хамгийн боломжийн арга хэмжээ нь бол сайжруулсан түлшээр эхэлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв болон ЭХЭМҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төв өндөржүүлсэн бэлэн байдлын хэмжээнд ажиллаж ирлээ. Тэгэхээр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд химийн бодисын улмаас хэвтэн эмчлүүлсэн байдлыг эргэж харахад ер нь бол жилд 700-800 хүн эм болон химийн бодисын улмаас хордоод ирдэг. Үүнд дотор угаарын хийн хордлого, жишээлбэл 2018 онд 198 гэж байна. Ер нь бол дунджаар жилд 250 хүн угаарын хийд хордож ирдэг. Хэвтэн нь бол 2018 онд 82, 2017 онд 71, 2016 онд 62 гэсэн тоотой байж байна. Угаарын хийн хордлогод өртсөн байдлыг харуулахад 2015 оноос хойш өссөн хандлагатай байгаа. Хэвтэж эмчлүүлсэн хүний байдлыг аваад үзэхээр 2016 онд 62, 2017 72 гээд 2019 оны байдлаар 44 хүн эмчлүүлээд гарчихсан байна. 2016 онд гэртээ нас барсан хүн 13, 2017 онд 10, 2018 онд 10 байна уу, 10-р сарын 2-ноос хойш найман хүн нас барсныг бүгдээрээ мэдэж байгаа. Харин эрүүл мэндийн байгууллагад нас барсан хүний тоо гараагүй байгаа. Манайх бол судалгаа болон тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг үүднээс бид бас бүх цахим хэрэгслээр хордлогоос сэргийлэх бүх зүйлийг харуулсан инфографикийг сошиолд байрлуулж явахаас гадна том зах, дэлгүүр байршуулж, тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж байна.

ҮГ ХЭЛСЭН НЬ:

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга: -Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр  энэ нийтийн сонсголыг чухам яагаад хийх болсон юм, хийх болсон шалтгаан нь юу юм гэдэг талаар хурлын эхэнд манай хоёр төлөөлөгч та бүхэнд тодорхой ярьсан. Би энд одооны ярьсан зүйл дээр өнөөдөр энд яригдсан зүйлийг базаад нэг хэлчих юү гэж бодсон юм. Мэдээж аливаа нэг ажлыг хийхэд хэцүү. Хэлэхэд амархан. Шүүмжлэхэд бүр амархан байх. Гэхдээ би энд яг хэлэхдээ өөрийнхөө дүгнэлтийг биш энд яригдсан эрдэмтэн, судлаачдын хийсэн дүгнэлт, хэмжилтийн үр дүн, мөн энд өөрийнхөө саналыг хэлж байгаа хүмүүсийн санал, асуултад хариулж байгаа албан тушаалтнуудын хариулт зэргийг үндэслэж ярьж байгаа юм шүү. Үүнийг зөв ойлгоорой. Яахав зүгээр Улаанбаатар яг өнөөдрийн байдлаар 215 мянга орчим өрх гэр хороололд байдаг юм байна. Үүнээс 30 орчим мянган нь ханан пийшинтэй юм байна. Цаана нь 185 мянган өрхийн 171 мянган өрхөд нь төслийн зуух тараагдсан юм байна. Өнгөрсөн хугацаанд. Энэ 171 мянгаас 2018 оны арванхоёрдугаар сард 53 мянган зуух Улаанбаатар хотод үлдсэн юм байна. 30 хувь нь. 70 хувь нь Улаанбаатар хотоос гадагшаа гараад явчихсан юм байна. Энэ бол бодит байдал. Энэ бол статистик тоо. Анх хүн олноороо нас барж, олноороо зэрэг угаартаад ирэхэд албан тушаалтнууд нэг л юм ярьсан. Манай түлш хоргүй, манай түлш стандартын дагуу гээд түлшээ яриад байсан. Түүнээс хойш сар гаруй л болж байна. Энэ хугацаанд бид нар түлшээ ярих нь биш юм байна, бид асалтаа, шаталтаа ярих нь зөв юм байна гэдгийг дээрээ ч, доороо ч олон нийт ч ухаарсан юм байна. Би бол тийм л дүгнэлт хийж байна өнөөдөр. Асалтаа л ярих ёстой байсан юм байна. Мэдээж байгалиас заяасан тэр түлш бол байгалиас заяасан л байна ш дээ. Байгалиас заяасан түлшин дээр Монголчууд стандарт тогтооно гэвэл утгагүй асуудал. Тэр түлшний үзүүлэлт ямар байх вэ гэдгийг аль ч лаборатори нэг л харуулдаг. Энийг бид нар өнөөдөр харлаа. Баахан олон улсын ч байна уу, монголын дөрөв, таван лабораторийн дүн гарч байна. Энэ бол байх ёстой л дүн. Аа гэтэл асалтаа ярихад бид нар түлш+зуухаа л ярих ёстой ш дээ. Түлшийг зуухан дотор шатааж байж асалт үүсдэг ш дээ. Бүгдээрээ л мэдэж байгаа байх. Жаахан хүүхэд ч хэлж байна. Эндээс хоёр л юм гараад байна. Юу вэ гэхээр, олон хүн ярьж байна. За яахав янз янзын бэрхшээл ярьж байна, тарааж байгаа хэсгийн ахлагч нь нь баахан зовлон ярьж байна. Үүнийг бол шийдэж болох асуудал. Яг ард түмний шатааж байгаа гэр хороолын хүмүүс хоёрхон зүйл л ярьж байна. Нэгд, угаартахаас айж байна. Хоёрт, толгой юунаас болоод өвдөж байна вэ,  шалтгааныг нь олоод өгөөч ээ гэдэг энэ хоёр гол юмыг л ярьж байна ш дээ. Угаарын асуудал дээр сая Нармандах доктор нэлээд ярьчихлаа. Түүн дээр надад нэмээд, хасаад байх юм алга. Энэ дээр би бол хотын захиргааг юу гэж шүүмжлэх вэ гэхээр арваннэгдүгээр сарын 1 гэхэд угаар хэмжигч тавина гэж амалсан, тэр амлалтаа яагаад биелүүлэхгүй байна вэ гэдгийг л бид нар шахаж байгаа. Энэ бол бидний хэлэх ёстой үг мөн үү, мөн.  Өнөөдөр хоёр, гурван хүн асуулаа ерөөсөө хариулсангүй. Яагаад гэвэл байхгүй учраас. Энэ нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал дээр манай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер, мөн агаарын чанарын хүмүүс сайжруулсан зуух болоод ердийн зуухан дээр хийсэн дүн гэж ингэж бид нарт цаас өглөө. Би түүнийг нь харлаа. Хараад би мэргэжлийн хүмүүсээс асуулаа. ШУТИС-ийн дэргэдэх нэг лаборатори байдаг. Эрхлэгч нь байна уу. Лабораторийн тоног, төхөөрөмж өнөөдөр ажиллахгүй байгаа. Надад өгсөн мэдээллээр дөрөв, тавдугаар сараас хойш ажиллалаагүй. Хэрэв би худлаа ярьсан бол манай эрхлэгч босоод Баттулга төлөөлөгчөө та худлаа хэлж байна гэж хэлэх хэрэгтэй. Тийм учраас одоохондоо ажиллахгүй байгаа. Гэтэл манай хүмүүс бол есдүгээр сард хийсэн шинжилгээ гэж ярьж байна. би тэр шинжилгээг нь авч үзлээ. Магадгүй өөр газарт шинжлүүлсэн байхыг би үгүйсгэхгүй. Аа тэрэн дээр дөл зуух, чин зуух, ердийн зуухан дээр шаталтын шинжилгээ хийсэн юм байна. Өгсөн шинжилгээний дүгнэлт нь болохоор надад ганцхан чин зуухан дээр хийсэн шинжилгээний дүнг л өгсөн юм байна. Дөл зуух болоод ердийн зуухан дээр шаталтын шинжилгээ хийсэн юм бол энэ цаасан дотор алга. Манай “Тавантолгой түлш”-ийн ерөнхий инженер хэлэхдээ сайжруулсан түлшин дээр сайн шатаж байгаа тэр шинжилгээ нь байгаа гэж хэлсэн. Ердийн зуухан дээр ерөөсөө хэлэхгүй тойроод байна. Энэ бол шижиг төрөөд байна уучлаарай. Яагаад гэвэл би бас тодорхой хэмжээний хардах эрхтэй хүн. Бусдын адил. Ийм л юм бид нарт өгөөд байна ш дээ. Тэгэхээр би үүн дээр юу гэж ойлгох вэ. Хэрвээ бүгдийг нь өгчихсөн би хараад ийм байна аа гээд хэлэх сэн. Тийм учраас эндээс нэг л дүгнэлт гараад байна. Ерөөсөө энэ зуух чинь магадгүй, би өчигдөр хэлсэн реклам дээр яваад байх шиг байна. Сайжруулсан зуухан дээр болоод байна аа. Хэрэв зөв түлэх юм бол. Буруу түлвэл болохгүй байх л даа. Аа, ердийн зуух болоод пийшин зуухан дээр эрсдэлтэй байна. Би бол тохирохгүй гэж хэлж чалахгүй. Яагаад гэвэл манай шинжээч, судлаач нар эрсдэлтэй байна гэж хэлээд байна ш дээ. Эрсдэлтэй байна гэхээр юу гэсэн үг вэ гэхээр угаартаж магадгүй байна. Угаартахгүй ч байж магадгүй. Өвлийн хүйтнээр үүд хаалгаа онгойлгочихоод байвал угаартахгүй л дээ. Битүүмжлэлээ маш сайн сайжруулах юм бол угаартах магадлалтай л юм байна. Тэгэхээр энэ хоёр зуухан дээр эрсдэлтэй байна. Энэ бол 30 мянган пийшинтэй айл 185-аас 53-ыг хасахаар 132 мянган ердийн зуухтай айлуудад хамаарах асуудал болчихоод байна. Энэ талаар шийдвэр гаргагчид нэгийг бодооч ээ. Яагаад гэвэл тэр 132 мянган айл чинь хөөлөөд, зөв галлаад нэмэргүй байна. Зуухаа сайжруулсан зуухаар солих мөнгөгүй байна. Нөгөө сайжруулсан зуух нь бас зах зээл дээр тэр болгон олноороо байхгүй. Ийм зовлон бэрхшээл байна бодит байдалд. Энийг л бид нар хэлээд байгаа юм шүү. Энэ дээр бид нар харангын дохио өгөөд байгаа юм. Энийг л шийдвэр гаргагч нарт хэлээд байгаа. Бид нар хүний мууг үзэх гэсэндээ биш. Гаргасан шийдвэрийг эсэргүүцэх гэсэндээ биш. Ерөөсөө байгаа байдлыг л хэлээд байгаа юм шүү. Хоёр дахь том асуудал нь толгой яагаад өвдөөд байна вэ гэдэг асуудал дээр манай эрх баригчид бас ярихгүй байна. Тойруулаад байна. Яг мэргэжлийн тэр хүн нь ярихаараа ерөөсөө энэ чинь угаарын хий биш, метан, устөрөгч хоёрыг чинь тэр зуух чинь шатаахгүй байгаа юм шүү. Ердийн зуух чинь. “Тавантолгой түлш”-ийн ерөнхий инженерийн хэлж буйгаар 550 хэмд шатаад алга болчихдог юм байна. Тэр нь сайжруулсан зуухан дээр байдаг юм байна. Аа ердийн зуухан дээр Солонгосын шинжилгээг аваад үзсэн хамгийн дээд тал нь 432 хэм байсан юм байна. Энэ бол шинжилгээ. Зөвхөн хот доторх нь гэж байна. Энхбаатар босоод хэлэх хэрэгтэй. Хот доторх нь гээд байгаа. Бусад нь гаднах нь гээд байгаа. Би бол ямар нэгэн дарга цэрэг дээр байхгүй, дарамт шахалтгүйгээр нь Энхбаатарын үгээр яваад байна. Хэрвээ бүрэн шатчихдаг юм бол хүмүүсийн толгой яагаад өвдөөд байна. Юунаас болоод байна. Энэ угаарын хийнээс өөр хэмжээгээр толгой өвдөж байна гэж байгаа. Би бол угаартаж үзсэн багадаа. Хүмүүс бол угаартаж байсан, гэр хорооллынхон. Боов, хуушуур шарахдаа угаартаж л байсан. Өөрөөр мэдрэгдээд байна ш дээ, тэр чинь. Ялзарсан өндөгний үнэр шиг тийм үнэр үнэртэй. Их сонин. Энэ угаарын үнэр биш. Үүний учрыг олоод өгөөч гэхээр метан, устөрөгчийн дутуу шаталт шүү Тулгаа гэж байна. Үүнийг яаж байхгүй болгох юм бэ. Хот доторх градусыг нэмэх л ёстой юм байна. Тэр нь бол сайжруулсан зуух юм байна. Энэ хоёр юмыг л бид нар харанга болгон цохиод цаашдаа энэ юмыг маш хурдан ойрын хугацаанд авах ямар арга хэмжээ байна. Энэ талаараа аль нэг нам гэлтгүй хэдүүлээ сууж байгаад нэг шийдэлд хүрэхийг би уриалаад байгаа юм. Суугаад хамтраад ярьвал нэг юм гарна даа. Суухгүй нэг нь шүүмжлээд, нэг нь энэ миний мууг үзэх гээд байна гэж бодоод байвал юу ч гарахгүй. Агаарыг бохирдлыг бүх л хүн бууруулахыг хүсэж байгаа. Эцэст нь би нэг л зүйлийг хэлье. Нөөцийн асуудал. Ерөөсөө дуугарахгүй байна. би хэвлэлд ярилцлага өгсөн. Олон хүн уншсан байх. Улаанбаатар нэгдүгээр сард гал алдах вий гэж хэлсэн. “Тавантолгой түлш” өөрийнхөө үйлдвэрлэж чадах хэмжээнд л үйлдвэрлэнэ. Би энэ талаар хурал дээр ч, хэвлэлээр ч зөндөө ярьсан. Таг. Хэн ч намайг буруутгаагүй. Хэн ч тийм гэж миний үгийг зөвшөөрөөгүй. Ийм л байдалтай бид суугаад байна. Би тийм зүйл битгий болоосой, түлшээ сайн нөөцлөөсэй, хүмүүс битгий угаартаасай гэж байгаа. Эрх барьж байгаа хоёр хүчин биш ялангуяа энд байгаа хүмүүс. Би нэг л зүйл анзаарлаа. Энд сууж байгаа хүмүүс улстөрчийн үгийг сонсох дургүй юм байна. Эрдэмтэн, мэргэдийн үгийг сонсох дуртай юм байна. Тэр хүмүүсийн үгийг сонсоцгооё. Баярлалаа та бүхэнд.

Сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва: Одоо нийслэлийн Онцгой байдлын газраас товч мэдээлэл хийнэ. Сэрэмжлүүлэг болгож мэдээлэл хийх учиртай. Чүлтэмсүрэн дарга таныг индэрт уръя. /Танилцуулгыг хавсаргав./

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.