Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, ирэх оны төслийг хэлэлцэж байна
2019/10/24
24
10 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан эхэллээ. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц”-ыг дэмжих тухай гэсэн хоёр асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгч Д.Баттулга Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг сонсох санал гаргасныг төлөөлөгчид хэлэлцэхээр дэмжиж, нэмэлтээр орууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн талаар танилцуулав. Хотын удирдлага Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан 2019 оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарлаж төрийн үйлчилгээний, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сахилга бат, хариуцлагын тогтолцоог сайжруулах, орчны тохижилт зэрэг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажилласан гэдгийг нийслэлийн Засаг дарга дурдлаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн ИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 453 ажил, арга хэмжээ тусган баталсан байдаг. Энэ оны III улирлын байдлаар 38 арга хэмжээ 40, 187 арга хэмжээ 70, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байна.

Тэгвэл нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулгадаа дурдав. Тодруулбал, “Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61, “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн  таван зорилтын хүрээнд 114,  “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71, “Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157, “Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэг их наяд, 443.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үндсэн чиглэлийн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан талаар хэлэв. Заримаас нь дурдвал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, мөн эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөжээ. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид нэмэлт тодруулга авч байна.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Нийслэлийн иргэдийн аз жаргалын индексийг хэмжинэ гээд жил бүр нэг тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүгээр юу хийдэг вэ. Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна. Чингэлтэй дүүргийг Сонгинохайрхан дүүрэгтэй холбох тойрог замыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Шаардлагатай төсөв хөрөнгийг тусгаж өгсөн ч ажил нь хийгдэхгүй байна. Соёлын өвийг хамгаалж үлдэхэд нийслэлийн Засаг дарга ямар арга хэмжээ авч байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт “Аз жаргалтай хот” зорилт дэвшүүлсэн. Хотын хөгжлийн индексийг таван үзүүлэлтээр дүгнэж, тооцдог. Мөн тооцохдоо мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн тооцоо, судалгааг харж үздэг. Энэ жил сайн ажилласан хороодын ажилчдыг урамшуулах зэрэг төлөвлөгөөт ажлаа хийж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: -Индексийн урамшуулал үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Олон нийтийн төлөө ажиллаж байгаа хороодын албан хаагчдыг урамшуулснаар эерэг үр дүн гарч байгаа. Мөн сургуулийн чадамжийг сайжруулж, урамшуулах нь зөв алхам болсон. Ингэснээр сурагчдын сурлагын түвшин сайжирч байна. Тэгэхээр урамшуулах нь зөв юм. Соёлын өвийн хамгааллын талаар асууж байна. Бид үүнд онцгой анхааран ажиллаж байгаа. “Богдхааны ордон музей”-н гадна орчныг 1.4 тэрбум төгрөгөөр хийж байна, “Чойжин ламын сүм музей”-н гадна орчныг аж ахуйн нэгжүүдтэй хамтран тохижуулж байна. Сайны хажуугаар саар гэгчээр соёлын өвийг үгүй хийх оролдлого гарч байгаа. Бид тэр бүрт арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Эхний ээлжинд оноос урьтаж 200 такси оруулж ирэх бөгөөд одоо үйлчилгээнд явж байгаа таксинуудын нөхцөлийг сайжруулна. Үр дүнд нь 1000 гаруй такси үйлчилгээнд явах юм. Дараа дараагийн жилүүдэд 3000 гаруй такси үйлчилгээнд явуулдаг болгохоор ажиллаж байна. Чингэлтэйг Сонгинорхайрхан дүүрэгтэй холбох авто замын ажилд оролцох аж ахуйн нэгж байхгүй байна. Тиймээс хуулийн дагуу шууд худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр он дамжин хийгдэх болно. Ер нь энэ жил жижиг авто замуудын сонгон шалгаруулалт компаниуд ямар нэгэн шалтгаанаар орохгүй байна.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн төсвийг бид баталдаг. Тэр зөвлөл юу хийж байна вэ. Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд хар тамхины хэрэглээ яагаад ихэсчихэв ээ. Автомат тоглоомын газруудын тоо олширлоо. Нийслэлийн Соёл, урлагийн газар ямар учраас ийм газруудад өгөөд байдаг юм бэ. 2019 оны үндсэн чиглэл 80 хувийн гүйцэтгэлтэй гэж байна. Хэдэн төгрөгөөр ямар ажил хийсэн бэ. Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас асууя. Улаанбаатар хот бетонон ширэнгэ боллоо. Ямар арга хэмжээ авах вэ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас асууя. Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан газар парк бий. Гэтэл газраас нь таначихсан. Ер нь нийслэлийн өмчийг арчлах, үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж: -НГХУСАЗЗ-ийн төсвийн дийлэнхийг Улаанбаатар хотын цагдаагийн газар зарцуулдаг. Энэ онд гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй. Хар тамхины асуудлыг тусгай нэгж хариуцдаг. Гэхдээ айж, сүрдэхээр хэмжээнд хар тамхины хэрэглээ ороогүй байгаа. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын тоог 400-гаар нэмэгдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: -“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн 24 хувийг нийслэл эзэмшдэг. Тус байгууллага жилд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх үүргээ хүлээдэггүй. ТУЗ нь хуралддаггүй. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 49 хувийг нийслэл эзэмшдэг. Тус байгууллага мөн л төсөвт төврөлүүлэх хөрөнгөө өгдөггүй. ТУЗ нь хуралддаггүй. Тиймээс эдгээр байгууллагын асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Урт цагааны байрны ам метрийг давхар түрээсэлдэг зөрчил бий. Цаашид шат дараатай арга хэмжээ авна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр: -Өмнө нь барилга байгууламжийн зураг төсвийг батлахдаа газрын 70 хувьд нь барилга, 30 хувьд нь ногоон байгууламж төлөвлөдөг байсан. Одоо бол 70 хувьд нь ногоон байгууламж, 30 хувьд нь барилга барихаар төлөвлөж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгыг заавал барихаар зурагт тусгаж байгаа.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хог хаягдлын бодлогыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлдэг үү. Хог хаягдлын ажил явахгүй байна. Ямар арга хэмжээ авах вэ. Төвлөрсөн цэгүүдэд хаанахын, ямар бодлогоор боловсруулах үйлдвэр баригдаж байна вэ.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Аригуун: -Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэг дээр боловсруулах үйлдвэр барихаар 2015 онд шийдвэр гарсан. Энэ онд Захирагчийн ажлын албан төсөл хэрэгжүүлэгч 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах ёстой. Тодорхой шалтгааны улмаас одоогоор гэрээ байгуулж эхлээгүй байна. Одоогийн байдлаар 21 байгууллага хог хаягдлын үйлчилгээ эрхэлж байгаа. 2020 онд эхлүүлэх төслийн хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна. Хог хаягдлыг ангилан ялгах асуудал бий. Төвлөрсөн цэг дээр бус эхний цэг дээрээс ангилах бодлого баримталж, дэмжлэг үзүүлнэ. Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх ажлыг хоёр машинаар хийж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд барьж, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгийг хаах чиглэл баримталж ажиллана. Улмаар Морингийн энгэрт байгуулах боловсруулах үйлдвэрт төвлөрүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: -Хог хаягдлын асуудалд нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй байгаа нь үнэн. Дүүргүүд хувийн хэвшилтэй гэрээ хийдэг. Парк шинэчлэлтээ хийдэггүй. Захирагчийн ажлын албанаас үүнтэй холбоотой асуудлыг шалгана. Нэгдсэн бодлоготой болгохгүй бол дүүрэг бүр тус тусдаа бодлоготой байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сараас Хот тохижилтын газар болон Захирагчийн ажлын албан хамтран нэгдсэн бодлоготой ажилладаг болно.

Төлөөлөгч Д.Баттулга: -Аз жаргалын индекс хэд байна вэ. Тоог нь хэлээд өгөөч. Засаг дарга “Шөнийн гудамж”-ийг хаасан. Гэтэл шөнийн хоттой болно гэж зорилтод тусгажээ. Хаана, ямар ажил хийх гэж байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: -Индексийн дүн арваннэгдүгээр сард гарна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж, гэмт хэрэг гарах шалтгаан болж байсан учраас “Шөний гудамж”-ийг хаасныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид “Гэрэлт гудамж” хэмээн нэрлэж, үйл аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. “Шөнийн хот” гэдэг нэр томъёог ташаа ойлгож, оруулсан бололтой. Олон улсын жишгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд уг ажлыг хийнэ. 

Хуралдаан тодруулга асуултаар үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.