Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, үнэт сургаалыг нь сонслоо
2019/10/01
01
10 сар

Өнөөдөр Олон улсын болон Монголын ахмадын 27 дахь өдөр тохиож буй. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон Ажлын албаныхон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүн ардын сайн сайхны төлөө ажиллаж ирсэн ахмадууд Та бүхний минь арвин туршлага, сургаал, зөвлөгөө бидэнд маш үнэтэй. Өдгөө бидэнд Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой тодорхойлох, хөгжлийн хөшүүрэг болсон зөв гаргалгаа, заалтуудыг тусгах хариуцлагатай цаг үе тохиож байна” гээд нийслэлийн үе үеийн ахмадуудын санал, туршлага чухал болохыг онцолсон.

 

Хүрэлцэн ирсэн ахмадуудыг төлөөлж нийслэлийн ИТХ-ын дарга асан Ж.Ядамсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр “1992 онд анхны Үндсэн хуулийг батлахад нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсийг тавьж өгсөн. Үндсэн хуульд тусгасан дөрөвдүгээр бүлэг нь маш сайн зохицуулалт болсон. Одоо шинээр боловсруулах төсөлд нийслэлийн удирдах байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, иргэдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Нийслэлийн иргэд эрхээ эдэлдэг шигээ үүргээ хэрэгжүүлдэг байх учиртай” гэсэн юм.

Мөн Ахмадын баярыг тохиолдуулан нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн 1500 орчим ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.