Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019/09/30
30
9 сар

 

Нийслэл хотын анхны шавыг тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын III багийн нутаг, Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлага жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөө жилийн хувьд Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй онцлогтой. Ойг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлага Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлага, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан болон нутгийн иргэд, зочид төлөөлөгчид оролцлоо.

Түүх сөхвөл, 1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл гэж үздэг билээ. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Уламжлалаа хүндэтгэж, удам хойчдоо өвлүүлэн үлдээдэг өвөг дээдсийн ёс жаяг өнөөгийн бидэнд хамааралтай төдийгүй даяарчлагдаж буй орчин цагт өөр бусдаас ялгарах өвөрмөц соёлоо ариун нандин байлгах нь чухал” гэсэн юм.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 20 дахь жилдээ зохиож буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд өсөн дэвжихийн ерөөл айлтган, ном хурсан. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.