Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Бичил бизнесийг дэмжих чиглэлээр олгосон 10 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар зээлдэгчдээс нэхэмжилнэ
2019/08/29
29
8 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан 2014 онд байгуулан нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг бөгөөд үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдсөн аж. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх нь нийслэлийн ИТХ-д байгаа тул тус эрхийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр уг төслийг хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс ийнхүү нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шаардах эрхийг нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.

Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн XXIII хороонд байрлах 150 хүүхдийн ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгуудыг тус тус бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, тогтоол гаргалаа.

Өнөөдрийн хурлаар мөн “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан нэр бүхий гурван хүнд болон одоогийн Засаг дарга С.Амарсайхан нарт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г бүтээн гардуулах, хадгалуулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.