Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
2019/08/02
02
8 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ удаа нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 32 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамруулахаар болсныг Тэргүүлэгчид дэмжлээ. Өнөөдрийн хурлаар мөн Үнэлгээний хороонд иргэдийн төлөөллийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 онд тус газарт эрх шилжин ирсэн 215 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах 36 үнэлгээний хороо байгуулж буй аж. Уг үнэлгээний хороонд ажиллах иргэдийг томилох, нөөц бүрдүүлэх зорилгоор А3 гэрчилгээ эзэмшигч нийт 100 хүний нэрийг жагсаалтад багтаажээ.

Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай тогтоолын төслийг мөн өнөөдөр хэлэлцэж баталлаа. Тодруулбал, “Ус сувгийн удирдах газар”-ын балансад бүртгэлтэй нийт 441 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 16 барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай болон Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Баянгол дүүргийн II, IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургууль, 164 дүгээр цэцэрлэгийг өргөтгөх болсонтой холбоотойгоор 3.4 сая гаруй төгрөгийн өртөг бүхий агуулах, зоорь, навчит модыг акталж, нийслэлийн өмчөөс хасах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ТЭЗҮ-г 2013 онд боловсруулан, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2017 онд баталжээ. Паркийг тус дүүргийн II, III, V хороодын нутаг дэвсгэрт нийт 414 га талбайд байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ Хүнд үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, “Адуу брэнд” үйлдвэрлэл, нано технологийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэргийг багтаан холимог паркийн зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.  

Мөн энэ удаагийн хурлаар нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,  шашны байгууллагын зөвшөөрлийг хугацааг сунгах тухай, Улаанбаатар хотын төвөөр аюултай ачааг тээвэрлэхгүй байх тухай нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 131 дүгээр тогтоолын хэрэгжих хугацааг таван жилээр хойшлуулах тухай асуудлуудыг мөн хэлэлцэж шийдвэрлэв. Хурлын төгсгөлд Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор  нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.