Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид: Инженерийн шугамаа ажиллагаанд оруулбал бид гэр рүүгээ татахад бэлэн
2019/05/29
29
5 сар

Нийслэлийн ИТХ-ын хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Бямбадорж тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлаар нь хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэл, дүүргийн холбогдох газар, хэлтсийн албан тушаалтнуудыг оролцуулсан тул иргэд тулгамдаж буй асуудлаа хэлж, мэдээлэл, зөвлөгөө авсан нь уулзалтын онцлог байлаа.

Тэрбээр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн VI, VII, XXIV хорооноос нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, тойргийнхоо иргэдэд тулгамдаж буй асуудлыг цөөлж буйд тухайн хороодын иргэд талархаж байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм. Тэргүүлэгч Б.Бямбадорж өнөө жил тус дүүрэгт өрнүүлэх зарим бүтээн байгуулалтын талаар “2019 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын санхүүжилтээр оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг цөөлөх ажил олныг хийнэ. Та бүхний дуу, хоолойг нийслэлийн удирдлагад хүргэх үүрэг хүлээсэн, мөн энэ дүүрэгт олон жил ажилласан, жаргал, зовлонг нь мэддэг тул иргэдийн саналын дагуу шаардлагатай байгаа ажлуудыг уламжиллаа. Цаашид ч та нарынхаа ирүүлсэн саналыг уламжилсаар байх болно. Нам даралтын зуухаар халдаг “Хилчин” хотхоны дулааны асуудлыг шийдэхээр ажил эхлүүллээ. Төсөвт өртөг нь 3.1 тэрбум төгрөг. Мөн усан хангамжийг нь ч сайжруулна. Иргэдийг үерт өртөж, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлж далан барихаар сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Шаардлагатай санхүүжилт нь мөн бэлэн. 227 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд өнөө жил холбоно. Ер нь дүүргийн нутаг дэвсгэрийн инженерийн дэд бүтцийг сайжруулж байгаатай уялдуулж, зарим сургууль, хорооны барилгын дулааны асуудлыг ч мөн шийдэхийг зорьж байна. Түүнчлэн дүүрэгт соёлын ордон бариулна” гэсэн юм.

Гэвч хүн амын төвлөрөл, суурьшлын төлөвлөлттэй холбоотой  бэрхшээлүүд ар араасаа ундарч байгааг тухайн хороодын иргэд, оршин суугчид хэлж байлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэд дахин төлөвлөлтийн ажлыг түргэвчлүүлж, инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын царыг нэмэх шаардлагатайг хэлж байв. Мөн авто замын сүлжээг өргөтгөх, гудамжны шороон замыг сайжруулж өгөхийг ч хүсэж байсан юм. Хэрэв дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлбэл иргэд сууц руугаа шугам татаж, амьдрах орчноо сайжруулахад бэлэн гэсэн. Дүүргийн VII хорооны иргэд ч тэдэнтэй ижил саналтай байгаагаа уулзалтын үеэр хэлсэн.

Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн саналыг тоймлон хүргэе.

Иргэн н.Цэцэгмаа: -Дүүргийн  VI болон XXVI хорооны дундах авто замыг шинэчилж байна. Тухайн замын доогуур инженерийн шугам сүлжээ явуулсан. Хоёр хорооны цөөнгүй иргэн хамтраад тухай шугамаас салбарлаж, сууц руугаа татах хүсэлтэй байна. Гэвч УСУГ-т хандахаар “Тухайн шугамыг нийслэлийн өмчид бүртгэж аваагүй” гэсэн хариу өгдөг. Удахгүй авто замыг асфальтална гэсэн. Түүнээс өмнө шугам татах боломж бүрдүүлэхэд анхаарч өгнө үү.

Иргэн н.Шарав: -VII хорооны 12 дугаар гудамжны замын асуудлыг шийдэх боломж байна уу. Тоосгоны үйлдвэрийн хүнд даацын машин байнга үүгээр явдаг. Ер нь манай гудамж хөдөлгөөн ихтэй. Үүнээс болоод бид амьдрах аргагүй болох нь. Зун тоосонд даруулж, хүүхэд багачууд осолдох аюул тулгараад удлаа. Тиймээс тухайн хэсгээр хүнд даацын машин зорчуулахгүй болгоход анхаарч өгөөч. Мөн ХХ хорооны авто замын асуудал байна. Хуучин замыг сайжруулж, жигтэйхэн сайхан болгосон. Гэтэл жолооч нарын ухамсаргүйгээс авто осол байнга гардаг боллоо. Тухайн авто замд хурд сааруулагч, камер байхгүй. Жолооч нар хүлгийнхээ тэнхээнд тултал давхидаг. Хурд сааруулагч тавьж, камер байрлуулж өгөхийг хүсье.

Иргэн н.Өлзий: -320 хүүхдийн суудалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Энэ талаар мэдээлэл байна уу. Мөн 76-1, 76-2, 20 айлын орон сууцыг хэзээ дахин төлөвлөх вэ?

Иргэдийн дээрх саналд холбогдох албаныхан анхаарал хандуулахаа хэлсэн. Жишээлбэл, төвийн шугамд холбогдоогүй, 00 нь гаднаа, хогийн цэггүй, оршин суугчдынх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа тул 76-1, 76-2, 20 айлын орон сууцыг тун удахгүй дахин барилгажуулахаар төлөвлөжээ. Иргэдийн хэлж буйгаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Бямбадорж тухайн байрнуудын орчимд үүссэн хогийг цэвэрлүүлдэг аж. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд эдгээр орон сууцанд акт тавьсан учир орчны тохижилтод хэчнээн анхаарсан ч нэмэргүй гэсэн юм. Тэгвэл Тэргүүлэгч Б.Бямбадорж дахин барилгажуулах ажлыг эрчимүүлнэ гэв.

Мөн авто замд хурд сааруулагч тавьж, камер суурилуулах саналыг холбогдох алба болон ТЦА-нд уламжлахаа ч дуулгасан юм. Гудамж, талбайн тохижилтод зориулж дүүргийн ОНХС, нийслэлийн төсөвт хөрөнгө суулгасан, удахгүй ажлыг нь эхлүүлнэ гэдгийг ч уулзалтын үеэр хэлнэ лээ. Газрын харилцаатай холбоотой маргаан, үер усны гамшиг Улаанбаатарын иргэдийн “байнгын сэдэв”. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зуслангийн эзэмшил газрыг нь өмчлүүлэх ажлыг уламжилж, ирэх жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаа ч тэрбээр хэлсэн. Үер ордог байршлуудад амьдарч буй иргэдийн эд хөрөнгийг хамгаалах чиглэлийн ажил хийнэ гэдгээ ч онцолсон.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.