Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Баянгол дүүргийн СӨХ-ны дарга нартай биечлэн уулзахаар болов
2019/05/23
23
5 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Баянгол дүүргийн IV, V, XX хорооны иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсон, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Мөн нийслэлийн харьяа байгууллагын мэргэжилтнүүд уулзалтад оролцож, иргэдийн лавласан мэдээллийг өглөө. Уулзалтад хорооны иргэдээс гадна СӨХ-ны дарга нар хүрэлцэн ирсэн юм.

Шинээр ашиглалтад оруулж буй орон сууцны чанар муу, хүүхдийн тоглоомын талбайгүй, гарц орц хангалтгүй, зарим байрны цахилгаан шатны тоног төхөөрөмж эвдэрч, ажиллагаагүй болсон, зоорийн давхарын даацын ханыг нурааж бүтцээ өөрчлөлт оруулж байгаа зэрэг тулгамдаж буй асуудлаа иргэд хэлэв. Мөн шинээр ашиглалтад оруулж байгаа орон сууцуудыг хүлээн авахдаа сайтар шалгаж байхыг хүсэв. Нүүж ороод 2, 3 жил бололгүй хана нь цуурах, инженерийн шугам сүлжээ эвдрэх зэрэг асуудлууд гарч байгаа нь хяналт, шалгалт муу хийж хүлээн авч байгаатай холбоотой гэж иргэд хэллээ.

Баянгол дүүргийн 17 дугаар байрны “Цагаан асарга” СӨХ-ны дарга тус байранд 61 айл өрх амьдардаг ч 37 нь л орон сууцаа хувьчилж авсан тухай ярив. Тиймээс уг асуудлыг шийдэж өгөхийг хүсэв. Түүнчлэн 1992 онд ашиглалтад оруулсан БЗ-30 дугаар байрны дээвэр муудаж дусаал гоожихоос гадна дулаан алдах болсон учраас засаж өгөхийг хүсэв. Харин “Голден парк” хотхоны СӨХ-ын дарга “Байрны гарц, орцыг хааж Материал импекс компанийхан чингэлэг байршуулсан бөгөөд  нэмж байршуулах хандлагатай байна. Бас шороо овоолж оршин суугчдын эрхийг зөрчиж байна уг асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн зохион байгуулагч, “Материал Импекс” компанийн удирдлагыг авч уулзахаар болсоныг хэлэв. Холбогдох арга хэмжээг авч, чингэлэг нэмж тавих асуудалд анхааралтай хандах болно гэв. Харин “Цагаан асарга” СӨХ-ны асуудлыг дахин судалж, хариу мэдэгдэхээр болов. Уулзалтын дараа иргэдийн санал, гомдлын хүрээнд нийслэлийн харьяа агентлагын мэргэлжилтэн тухайн газар дээр очин, нөхцөл байдалтай нь танилцсан юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах асуудлыг шийдвэрлэж, сайжруулах тал дээр арга хэмжээ авна. Эвдэрхий байгаа цахилгаан шатыг засах, шинээр авах тоног төхөөрөмжний төсөв, санхүүг холбогдох газар нь мэдэгдэж шийдвэрлүүлэнэ” гэсэн юм. Мөн ирэх сард тойргийнхоо СӨХ-ны дарга нартай биечлэн уулзаж, тулгамдаж буй асуудал бүрийг нарийвчлан сонсож хамтран ажиллахаар болов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.