Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонслоо
2019/05/21
21
5 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл сонслоо. Танилцуулгад дурдсанаар 2018 оны байдлаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 108 утсанд 4082 дуудлага иржээ. Тэгвэл 2019 оны I улирлын байдлаар 737 дуудлага ирсэний 224 дуудлагыг шийдвэрлэж хаажээ. Ирсэн дуудлагыг эрсдэлийн түвшингээр нь ангилвал  514 нь өндөр, 54 нь дунд эрсдэлтэй байжээ. Харин нийт ирсэн дуудлагын 39 нь бага эрсдэлтэй дуудлага байсан аж.

Түүнчлэн хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд нийтдээ 250 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 165 хүүхдийг гэр бүлд нь буцааж, асрамж халамжийн төвд 56 хүүхдийг хамруулсан байна.

Тэгвэл эцэг эхийн хараа хяналтаас хол, асран хамгаалагчдын анхаарал сул хүүхдүүдийг илрүүлэх зорилго бүхий арга хэмжээг жилд нэгээс хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Илрүүлэлт 2019” арга хэмжээний хүрээнд 188 хүүхдийг илрүүлжээ. Эдгээр хүүхдүүдийн 88 нь цахим тоглоомын газарт олон хоногоор гэртээ харилгүй тоглож байхыг илрүүлсэн бол сүм хийдээс 47, зочид буудлаас 62, сүлжээ хоолны газраас 23, худалдааны төвүүдээс 12, караоке баарнаас 11, авто вокзалаас нэг хүүхдийг илрүүлж, арга хэмжээ авчээ.

Тэгвэл цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нийтийн том зах худалдааны төвүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг, эрсдэлийн түвшинг бууруулахад чиглэсэн цэг ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн хүүхэд хамгаалах түр байранд хоёроос дээш удаа ирсэн хүүхдүүдийг эрсдэлтэй ангилалд багтааж тус бүрт нь кэйс нээн ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ. Түүнчлэн  асрамж халамжийн төвүүдийн хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа аж. Хүүхдийн асуудлаар хэвлэлийн зөвлөлийг байгуулж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд хүүхэд хамгааллын асуудлаар редакцийн бодлоготой болох, хүүхэдтэй холбоотой, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хэн дуртай нь өөрийн хүссэн өнцгөөр мэдээллэдэг байдлыг өөрчилнө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хурлын үеэр тавдугаар сарын 30-ны өдөр болох “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг дэмжиж ажиллахыг хүссэн бол цаашид хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг дүүрэг бүр дээр ажиллуулах шаардлагатай байгаа гээд үүнд автомашин, байрлах байрны дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяа “Хүүхдүүдийг олон хоногоор байлгаж, цахим тоглоом тоглуулах зэргээр зөрчил гаргаж байгаа газруудад торгууль тавихаас өөр ямар арга хэмжээ авдаг вэ” гэсэн асуулт асууж байлаа. Түүнчлэн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяагийн зүгээс  хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагууддаа дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй гээд хамгаалах байруудад шаардлагатай байгаа авто машин, байр сууцны асуудалд нь нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн. 

Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хүүхэд хамгааллын чиглэлээр бидэнд хийх ажил их байгаа, онцгой анхаарч ажиллах ёстой” гээд дүүргүүдэд байгуулах түр хамгаалах байруудад шаардлагатай байгаа авто машин, байрлах байрны асуудлыг шийдвэрлэх талаар дүүргүүдийн удирдлагуудад тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.