Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулсан мэргэжлийн зөвлөх багийн гишүүдтэй уулзлаа
2019/05/08
08
5 сар

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээр нийслэлийн ИТХ-ын дэргэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн мэргэжлийн зөвлөх баг байгуулжээ. Тодруулбал, эхний шатны хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаачдын зөвлөх багийг байгуулж, дараагийн хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөх багийг байгуулсан юм. Өнөөдөр зөвлөх багийн гишүүдийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хүлээн авч уулзлаа. Тэрээр хотын томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал болохыг уулзалтын үеэр онцолсон юм. Зөвлөх багийн зүгээс нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт хэрэглэх нөхцөл боломжийг бүхий л талаар бий болгох олон гарц шийдлүүд байгааг уулзалтын үеэр танилцуулав. Жишээлбэл, цахилгаан халаалтын тоног төхөөрөмжийг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг төрөөс дэмжих зэрэг 12 санал хүргүүлжээ. Мөн сайжруулсан түлшний хадгалалт, түгээлтэд анхаарах асуудлууд байгааг ч хэлж байсан юм. Зөвлөх багийнхан судалгаа шинжилгээнийхээ үндсэн дээр гаргасан санал дүгнэлтээ нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргах түвшинд хүргэх боломжтойг албаныхан тодотгов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.