Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай
2018/11/14

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 11 сарын 14 өдөр                 Дугаар 165                          Улаанбаатар хот

 

Ерөнхий боловсролын сургууль,

цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах

чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

 

                 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.9 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.1 дэх заалт, 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 6, 8, 10 дугаар сард Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн дотоод гадаад орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын явцын дүнг үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт ҮҮРЭГ ЧИГЛЭЛ БОЛГОХ нь:
    • Нийслэлийн хэмжээнд өмчийн хэлбэр үл харгалзан сургууль, цэцэрлэгийн дотоод, гадаад орчны аюулгүй байдал, эрсдэлд хяналт тавих Ажлын хэсэг байгуулж, үнэлгээ өгөх ажлыг улирал бүр зохион байгуулах :
    • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй асуудлаар нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлж ажиллах:
    • Нутаг дэвсгэрийн боловсролын байгууллагын орчимд насанд хүрэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрууд /дэн буудал, зочид буудал, цэнгээний газар, тоглоомын газар/-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авах санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулан, саналыг уламжилж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах:
    • Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулах Хөдөлмөрийн гэрээнд дотоод гадаад орчны эрсдлийн үнэлгээг шалгуур үзүүлэлт болгон тусгаж, тухайн орчинд хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн, хохирсон тохиолдолд мөн дээд байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүй өөрийн эзэмшлийн газар, талбайг бусдад ашиглуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгах:
    • Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт удааширсан, эрх шилжүүлэн авсан хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан хугацаанд нь эрэгжүүлээгүй бол холбогдох нэгж, албан тушаалтанд хариуцлага тооцох:
    • Нутаг дэвсгэрийн сургууль, цэцэрлэгийн дотоод, гадаад орчинд эрсдэл, аюултай байдал үүссэн бол тэдгээрийг арилгахтай холбоотой төсвийн санал боловсруулж, нийслэл, дүүргийн 2019 оны төсөвт тусгуулах:
  2. Холбогдох хууль тогтоомж, үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж, мэдээллийг сар бүрийн 10-ны дотор нэгтгэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/-д даалгасугай.

 

 

ДАРГА                        С.АМАРСАЙХАН

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.