Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
УРИАЛГА
2019/04/19
19
4 сар

Ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, хортон шавьжны үр нөлөөгөөр Монгол орны ойн нөөц сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч, долоо хүрэхгүй хувьд хүрээд байна. ОБЕГ-аас өгсөн мэдээгээр зөвхөн энэ он гарсаар улсын хэмжээнд (дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар) нийт 34 удаагийн ой хээрийн түймэр гарч, гал түймрийн улмаас 1100 га ой мод шатжээ. 

Нэг мод байгальд ургаж төлжин, нас бие гүйцэтлээ урт удаан хугацаа зарцуулдаг. Гэтэл түймэрт өртсөн ой мод эргэж нөхөн сэргэхийн тулд хэдэн 10 жил шаарддаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хаврын түймэрт  “хуйхлагдсан” 1100 га ой мод манай экологийн тэнцвэрт байдалд ямархуу хэмжээний хор хөнөөл учруулсныг тооцоолоход бэрх.  

Ой хээрийн түймрийн шалтгааны 90-ээс дээш хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг тул иргэд дор бүртээ анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байвал энэхүү гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн мэргэжлийн байгууллагуудад хамаатай зүйл биш бөгөөд энэ ажилд бүх талуудын оролцоо, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал. Тиймээс хаврын хуурайшилт ид эхэлсэн энэ үед ард иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийхээс гадна гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг анхааруулъя.  

Мөн ой хээрийн түймэр гарсан тохиолдолд иргэн та Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийнхээ дагуу идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.  

    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.