Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
"Дарь-Эхийн хөгжил миний нүдээр" уралдааны шилдгүүд тодорлоо
2019/03/05
05
3 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Гаадмаа, дэд байранд 102 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Л.Жавзандулам, гуравдугаар байранд 127 дугаар сургуулийн 9а ангийн сурагч А.Энхжин нар шалгарсан бол ахлах ангийн ангиллын тэргүүн байрыг 127 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Чандмань-Эрдэнэ хүртэв. Харин удаах байрыг 102 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Дагиймаа, гутгаар байранд 127 дугаар сургуулийн 12а ангийн сурагч н.Азбаяр нар шалгарчээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт шилдэг эссэ бичлэг тодруулах үеэр "Сонгогдсон тойргийнхоо хүүхдүүдийн дунд Дарь-Эхийг хэрхэн, яаж хөгжүүлэх вэ гэсэн сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарласан юм. Өдгөө дэлхий нийтээрээ хүний оюуныг үнэлдэг болсон. Тиймээс оюунаараа аливаа нэг бүтээлийг бий болгоход ямар байдлаар үнэлдэг вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Улс, нийслэлийн төсвөөр хийж, гүйцэтгэж буй ажлууд дан бүтээн байгуулалтынх байдаг. Гэвч хүнийг хөгжүүлэх, хүүхэд хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө улсын төсөвт байдаггүй. Иймд найз нөхөд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтраад энэхүү эссэ бичлэгийн уралдааныг анх удаагаа зохион байгууллаа. Амжилттай болсон учир ирэх жил уламжлал болгон зохион байгуулна гэж бодож байна" гэсэн юм.

Сурагчид өөрсдийн орчныг хоггүй цэвэр, тохилог болгох сэдвээр түлхүү бичжээ. Дунд ангийн ангиллын тэргүүн байрын эзэн Б.Гаадмаа "Манайх жил бүр 3-5 мод шинээр тарьдаг. Орчноо илүү гоё болгохыг зорьдог юм. Тиймээс өөрийнхөө чадах зүйлсээс орчноо сайжруулж эхэлье гэж бодсон юм. Хүн бүр хог хаягдлын тухай ярьдаг ч гудманд хаяж л орхидог. Тиймээс ухамсартай, зөв Монгол хүүхэд бий болоосой гэж хүсэж эссэгээ бичсэн" гэж ярив. Харин ахлах ангийн ангиллын тэргүүн байрын эзэн Б.Чандмань-Эрдэнэ эссэндээ Дарь-Эхэд тулгамдаж байгаа асуудал болон түүнийг засахад хүүхдүүд юу хийж чадах вэ гэдгийг онцолжээ. Улмаар тухайн хэсэгт хэрэгжүүлж буй “Ногоон Дарь-Эх” болон “Эвт гудамж” төслийн талаар бичсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.