Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
Могол ноос ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019/02/19
19
2 сар

Улсын их хурлын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч ААН, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог юм.

Анх 2016 онд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн уралдааны ялагч “Хас гутал” ХХК-ийн захирал М.Золзаяа, “Эм Ар Эс Би” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Д.Цэрэндулам нар Итали Улсын Милан хотод болсон томоохон арьс, арьсан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцоод ирсэн бол хоёр дахь удаагийн үзэсгэлэнд органик арьс арчилгааны бүтээгдэхүүнээрээ шалгарсан "Spirit of Nature" ХХК-ийн захирал Н.Тунгалаг Япон Улсын Токио хотноо болсон Монгол-Японы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцон туршлага судалсан байна.

Гурав дахь удаагийн Вансэмбэрүү үзэсгэлэн худалдаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Могол ноос ХХК шилдгээр шалгарсан. Уг компанийг АНУ-д туршлага судлах аяллын эрхээр шагнасан юм.

Үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулагч УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар өнөөдөр Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй Могол ноос ХХК-ийн үйлдвэрийн байранд очиж, үйл ажиллагаатай танилцав.

“Могол ноос” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байна.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.