Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2019/01/23
23
1 сар

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 18-21, өдөртөө 6-9 хэм хүйтэн, салхины хурд 06-08 м/с байх төлөвтэй байна. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар гахайн африк мялзан өвчин илэрсэн нь анх удаа Монгол Улсад бүртгэгдлээ. Улсын Онцгой комисс 1 удаа, Улсын Онцгой комиссын ажлын хэсэг 1 удаа, Нийслэлийн Онцгой комисс 1 удаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан ажлыг хэсэг 10 удаа тус тус хуралдаж, хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Холбогдох байгууллагуудтай хийсэн хяналт шалгалтад нийт 775 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Гахайн африкийн мялзан өвчин илэрч, үхсэн болон сэжигтэй гахай болон гахайн махыг зохих зааврын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэж танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20685 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн бол Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Сар шинийн баяртай холбоотой томоохон зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид уртгасан цагаар үүргээ гүйцэтгэж байна” хэмээн танилцуулав.

“Манай газраас сар шинийн баяр болохтой холбогдуулан хийсэн хяналт шалгалтаар нийт 1062 иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, 515 зөрчил илрүүлснээс 283 нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийн дагуу 71 зөрчлийн хэрэг үүсгэж 41.8 сая төгрөгийн торгууль шийтгэвэрийг ногдуулаад байна. Иргэд маань аливаа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ болон хугацааг сайтар нягталж, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоногуудад Налайх дүүрэгт ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ. Иргэд амь бие, эрүүл мэндээ үл хайхран цооногт ажиллаж байна. Дүүргийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах, Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалт болон хайс хашлагыг эвдэж гэмтээсэн тухай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.