Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо
2019/01/04
04
1 сар

Өнгөрсөн намар ашиглалтад оруулсан  шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж буй Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгийн үйл ажиллагаатай нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллав.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор тус эмнэлгийг 1986 онд байгуулсан. Тухайн үед нийслэл хот 500-600 мянган хүн амтай байсан бол  сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн ачааллыг нэмж өдгөө тус төвийнхөн жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилж байгаа аж. Нийтдээ 74 ажилтантай бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын ачаалал харьцангуй өндөр,  шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг тул цаашид  эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохирсон эмчилгээ үйлчилгээ явуулах, мөн эмнэлгийг барилгыг өргөтгөх юм уу шинэ эмнэлэг барих шаардлага тулгараад байгааг  эмнэлгийн удирдлага хэллээ.

Түүнчлэн тус эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд тэдний 50 мянга орчим нь Улаанбаатарт оршин сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг. Ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад өөр эмнэлэг үйлчилгээ  тэдэнд үзүүлдэггүй ажээ.

Тиймээс тус төвийн эмч нар  гаднын хөрөнгө оруулагчдаас хандив, тусламж авч тоног төхөөрөмжөө сайжруулдаг гэнэ.Мөн өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Тайвань улсад эмч, мэргэжилтнээ сургадаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, тусгай төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдог талаар төвийн эмч нар онцоллоо. Гэвч эл төвд ийм тоног, төхөөрөмж байхгүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийхийн тулд  ар гэрийнх нь 2-3 хүнийг байлцуулан, өөр эмнэлгээс нойрсуулах эмч, сувилагчийг урьж авчирдаг гэнэ.

Мөн "Тайван инээмсэглэл төсөл"-ийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллана. Үүний тулд төслийн хүрээнд гурван зорилт тавин ажиллана.

Нэгдүгээрт: "Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулна.

Хоёрдугаарт "Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхыг нь сайжруулна.

Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох юм. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэнэ гэж тус эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил нийслэлээс шийдэж өгсөн. Гаднах автозогсоолгүй байдлыг хараад зарцуулсан хөрөнгийнхөө хэмжээтэй харьцуулахад сэтгэлд хүрэхгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар энэ асуудалд анхаарч ажилла. Нийслэлийн хүн амын амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг болсон. Хүний дотор эрхтэн эрүүл, өвчтэй байх нь шүд, амны хөндийн эрүүл мэндээс хамаардаг тул энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг эмчлэхэд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч, сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр нь ажиллаж, энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг  сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.