Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Тэргүүлэгчид
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай
2018/05/23

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2018 оны 05 сарын 23 өдөр                           Дугаар 70                        Улаанбаатар хот

 

Улаанбаатар хотын авто замын

хөдөлгөөний ачааллыг бууруулах

зарим арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
 
  1. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д ДААЛГАХ нь:
         1.1 Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах талаар:
             1.1.1 Улаанбаатар хотын хамгийн ихээр түгжирдэг замын уулзварууд болон гол замтай нийлсэн гарц бүхий хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэл хийж хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах;
             1.1.2 Худалдаа үйлчилгээний газруудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээг ажлын бус цагаар гүйцэтгүүлэх;
             1.1.3 Орон нутгаас Нарантуул, Барс, Шонхор, Хархорин, Шар хад зэрэг бөөний худалдааны захаас бараа тээвэрлэж буй бүх төрлийн ачааны автомашиныг 01.00-07.00 цагт худалдааны захуудын хашаанаас гаргаж, оруулах;
             1.1.4 Замын хөдөлгөөний түгжрэлийн мэдээллийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх богино долгионы радиогоор мэдээлэдэг болгож, замын хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдлыг жолооч нарт тогтмол хүргэдэг болгох;
             1.1.5 Замын хөдөлгөөн, ачаалал, түгжрэлийн мэдээлэлд GPS апп нэвтрүүлэх;
             1.1.6 Автомашины зөв хэрэглээг нэвтрүүлэх, байгууллагын ажилчдын амины автомашины хэрэглээг багасгах боломжийг судалж, удирдлагын зүгээс бага хэрэглээтэй автомашин эзэмшигчдийг урамшуулах ажлыг оновчтой зохион байгуулах;
             1.1.7 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Авто замын ачааллыг бууруулах, хөдөлгөөний зохицуулалтыг хариуцсан тусгай нэгжийг байгуулах;
             1.1.8 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор боловсруулах;
         1.2 Судалгаанд тулгуурлан зарим нэг авто замын ашиглалтыг нэмэгдүүлэх талаар;
             1.2.1 Эрчим багатай зарим авто замын нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглах;
             1.2.2 Орон сууцны хороолол дахь хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах
             1.2.3 Замын хөдөлгөөний урсгалын ачааллыг харгалзан эгнээний тоог өөрчлөх аргачлалыг ажил тарах, цуглах цагуудаар зохион байгуулж, хөдөлгөөний урсгалыг уян хатан болгох;
             1.2.4 Зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг, заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалтай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийх замаар тэмдэг заалтын үйлчлэх цагийг уян хатан болгох;
         1.3 Авто зогсоолын багтаамжийг үйлчлүүлэгч, иргэдэд зориулан нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах талаар;
             1.3.1 Төр, худалдаа, үйлчилгээний байгууллагын гаднах авто зогсоолын 70-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдэд ашиглуулахаар зохион байгуулах, сайжруулах арга хэмжээ авах;
             1.3.2 Төр захиргааны болон бусад байгууллагын гаднах зогсоолын талбайг ажлын бус өдөр нийтийн зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах;
             1.3.3 Авто зогсоолын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг үүсгэж ашиглах, төлбөрийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлэх;
             1.3.4 Зогсоолын зөрчилд хариуцлага хүлээлгэх үүрэг бүхий олон нийтийн цагдааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ажиллуулах;
 
  1. Энэ тогтоолын хэрэгжилтийг яаралтай хангаж, шаардлагатай журмын төслийг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д даалгасугай.
 
 
 
 
                                    ДАРГА                                   С.АМАРСАЙХАН
Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.