Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гүтгэлэгт мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандлаа
2018/12/13
13
12 сар

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар өнөөдөр (2018.12.13-ны өдөр) мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх "Medee.mn" хэмээх нэр бүхий хуудаст "Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан албан өрөөндөө архидан согтуурч, төлөөлөгч Н.Батсүмбэрэл нь нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярыг зодож, бэртээсэн гэх агуулгатай байв, тус мэдээ. Улмаар нэр бүхий зарим цахим хэвлэл, "С1" телевиз үнэн, худлыг нягтлалгүй, нэг талын байр сууринаас хандаж тухайн мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.

Дээрх нэр бүхий албан тушаалтнууд үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, худал мэдээлэл тараасан хүнийг олж тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандаж буйгаа хэллээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба "Өчигдрөөс хотын удирдлага, тухайлбал, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд хэсэг бүлэг хүн согтуурч, танхайрсан гэдэг мэдээлэл түглээ. Тус хэрэг болсон гэх өдөр хурлын даргын өрөөнд олныг хамарсан уулзалт болоогүй гэдгийг хурлын Нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье. Бусдын нэр хүндийг гутаан, доромжилж зориудаар гүтгэлэгт мэдээлэл түгээсэн хүмүүсийг олуулахаар бид хуулийн байгууллагад хандсан. Олж тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно" гэсэн бол нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр "Нийслэлийн ЗДТГ-ын байр төрийн тусгай хамгаалалттай обьект. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар төр, захиргаа байранд согтууруулах ундаа, түүнийг хэрэглэсэн хүнийг оруулдаггүй. Цахим ертөнцөд түгж буй мэдээлэл ор үндэсгүй, тийм зүйл болоогүй" гэв.

Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэлд зодуулан, хүнд бэртсэн гэх нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр хэвлэлийн бага хурлын үеэр "Цахим хэвлэлээр явж байгаа мэдээлэл худал. Намайг зодуулж, хүнд бэртсэн гэсэн байна лээ. Миний бие өдгөө ямар нэгэн бэртэлгүй, эрүүл, албан үүргээ гүйцэтгэж явна" гэсэн юм.

Дашрамд дурдахад, www.Medee.mn вэбсайтын хамт олон фэйсбүүк дэх 1200 дагагчтай "Medee.mn" хуудсыг байгууллагынх нь нэр, логог ашигласан хуурамчаар үйлдсэн хуудас болохыг бидэнд мэдэгдсэн.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.