Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Урлаг соёлын зүтгэлтнүүдийг Хангарди одонгоор шагналаа
2018/12/12
12
12 сар

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэл хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнах арга хэмжээ боллоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар одон гардуулах үйл ажиллагаанд оролцож, шагналыг гардуулан өглөө.

Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт  олон жил санаачлага үр бүтээлтэй ажиллаж  нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Монголын холбооны Нарийн бичгийн дарга, Ардын жүжигчин Б.Зангад, Монгол улсын Гавьяат жүжигчин, Соёлын төв өргөөний дэргэдэх эртний сайхан чуулгын  гоцлол дуучин А.Долгор, Аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр /дижей Амай/  нарыг Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагналаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан  шагнал гардуулж хэлсэн үгэндээ "Улс орны хөгжил дэвшил,  нийгэм эдийн засаг, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан урлаг соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд, эх орноо гадаад дотоодод сурталчлан таниулсан эрхэм хүндтэй хүмүүсийн төлөөлөл болсон та бүхэндээ  Нийслэлийн иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхийн ялдамд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонг гардуулж өгсөндөө баяртай байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олон, байгууллага, салбартаа тэргүүлэн ажиллаж, итгэл сэтгэл, зүтгэлээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн бол Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртсэн Соёл урлагийн зүтгэлтнүүддээ Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ирэх жил Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой болно. Энэ том ойн баярын  өмнөө түүчээ болж, өөрсдийн урлаг соёлын бүтээлээрээ нийслэлүүдийг соён гэгээрүүлэх үйлсэд өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе" гэлээ.

Хангарди одон хүртсэн Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа”  гэв.

Нийслэлийн НИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2019 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.