Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
"Хичээх өдөр"-өөр авто замын осол зөрчил хоёр дахин буурчээ
2018/11/30
30
11 сар

Нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" арга хэмжээг энэ сарын 29-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үр дүнгийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагвасүрэн, нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ын дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн газарт зам, тээврийн ослын талаарх дуудлага өдөрт дунджаар 400 орчим бүртгэгддэг аж. Эдгээр ослын улмаас өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг гэсэн статистик байна. Тэгвэл эл "Хичээх өдөр"-өөр зам, тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдэж, дөрвөн хүн бэртжээ. Тодруулж хэлбэл, хүний амь эрсдээгүй байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг  тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна" гэсэн юм.

Зам, тээврийн ослыг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр нийслэлийн ИТХ-аас шат дараатай арга хэмжээ авах талаар хурлын ХМОНХТ-ийн дарга Ц.Мөнхбаатар хэлсэн юм. Тэрбээр "Осол гаргах томоохон шалтгаан нь анхаарал болгоомжгүй байдал, согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлснээс үүдэлтэй байна. Нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс эдгээр зөрчлийг бууруулах чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авна" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.