Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ирэх оны төсөвтэй холбогдуулан тодруулга авч эхэллээ
2018/11/29
29
11 сар

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Төлөөлөгч Л.Нарантуяа: -Татварын орлогоос бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг бууруулсан байна. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардалд дахиад өнөө жил гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн тавилга, нүүлгэн шилжүүлэх зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ мэтээр урсгал зардлаа бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй юу? Татварын орлогыг нэмсэн атлаа ажлын байр нэмэгдүүлэх чиглэл алга.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Улсын төсвөөс хамааралтай татварын орлогын хэмжээ өссөн. Хот өөрийн соёл, урлагийн арга хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилт Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардлаас гардаг юм. Эл хөрөнгийг өмнөх Засаг дарга нар ч төсөвлөдөг байсан. Ирэх жил Улаанбаатар хотын 380 жилийн ой тохионо. Тус ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлье гэж байгаа юм. Шаардлагатай төсвийг батлаад өгчихвөл бид төлөвлөснөө хийхэд бэлэн. Ажлын байр нэмэгдүүлэхэд би өөр бодолтой байдаг. Хэдэн төгрөг хуваарилж ажлын байр нэмэгдүүлдэггүй юм. Төр ажлын байр нэмдэггүй, хувийн хэвшил бий болгодог. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Д.Энхтөр даргын чиг бүхий байгууллагад хөрөнгө төсөвлөдөг. Гэхдээ би хийж буй ажилд нь сэтгэл дундуур байдаг. Дүүргүүдэд байгуулсан бизнес инкубатор төвүүд хоосон байна. Тиймээс дахин төв барих шаардлага байна уу. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг банкаар дамжуулан олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Төлөөлөгч Д.Бадарсан: -Нийтийн тээврийн салбарт төсөвлөж буй хөрөнгө жилд арав орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл үйлчилгээ нь сайжирдаггүй. Ямар учиртай юм бэ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Нийтийн тээврийн зардал санаа зовоож байгаа. Өнгөрсөн долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл надтай уулзсан. Тэд үлдэгдэл 7.7 тэрбум төгрөгийг төсөв суулгахгүй бол ажил хаяж, үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн. Жил бүр л ийм шахалт үзүүлдэг. Сангийн яам татаасанд анхаарал хандуулдаггүй. Асуудал хэлэхээр үнэ, тарифыг нь зах зээлийн зарчмаар нь зохицуул гэдэг юм. Тиймээс уг асуудлыг нухацай хэлэлцэх шаардлага бий. Та бүхэн л ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Ирэх онд сургууль, цэцэрлэгийн олон барилга барих нь. Газар чөлөөлөлтөд төсөвлөсөн хөрөнгө хүрэх үү.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр барьсан бүх ажлын газар чөлөөлөлтийн зардлыг нийслэл хариуцсан. Засгийн газраас уг ажилд зориулж 25 тэрбум төгрөг төсөвлөж өгнө гэсэн юм. Одоо бид иргэдэд 1.6 тэрбум төгрөгийн өртэй байна. Нийслэлийн Газрын албанд гомдсон иргэд өдөр бүр ирж байгаа. Бид Засгийн газар, Сангийн яамныханд итгээд хариуцсан ажлаа хийсэн. Иргэдийн газрын төлбөрийг ирэх оны төсөвт суулгасан хөрөнгөнөөс шийдэж өгнө.

Төлөөлөгч Т.Батцогт: -Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрчихсэн. Энэ чиглэлээр хийх арга хэмжээний зардлыг төсөвт суулгах боломж бий юү. Агаарын бохирдлыг бууруулахад суулгасан төсвийг мөн бууруулжээ. Яагаад вэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухнуудыг буулгасан. Олонх нь халаалтаа цахилгаанаар шйидэж байхад тэдэнд хөнгөлөлт өгдөггүй. Үүнийг шийдвэрлэх боломж бий юү.

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: -Урсгал зардлын хөрөнгийг тусад нь суулгасан учраас буурсан мэт харагдаж байж мэднэ. Үүнээс биш үйл ажиллагааны зардал буураагүй.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Хөрсний бохирдлыг дорвитой бууруулахыг би дэмждэг. Судалгаа хийж, бууруулах чиглэлээр ажил санаачлах боломжтой.

Төлөөлөгч Ц.Баатархүү: -Төсвийн төсөлд тусгасан тохижилтын ажлуудыг дэмжиж байна. Гэхдээ дэмжих боломжгүй ажлууд ч байна. Азийн хөгжлийн банктай хамтран хийж буй ажлын зардал жил бүр оруулж ирэх юм. Улаанбаатар хотын зээлийн хэмжээ, түүний хүүгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авъя. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэд байнга гомдоллодог. Шинээр эмнэлэг барих хөрөнгө төсөвт суугаагүй байна. Арван тэрбум төгрөгөөр соёлын төвийн барилга барихаар тусгасан атлаа 300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих төсөл яагаад оруулж ирэхгүй байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр: -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Газар чөлөөлөлт, хүү, зээлд 2019 онд дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтийн тээврийн хөгжүүлэх төсөлд хөрөнгө гаргаагүй, аж ахуйн нэгжийн урсгал зардлыг л санхүүжүүлдэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх эрүүл мэндийн байгууллагын барилгын 80 гаруй хувийг нь шинэчлэх шаардлагатай. Бид жил бүр хөрөнгө төсөвлөдөг. Ирэх онд арав гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.