Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна
2018/11/29
29
11 сар

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан эхэллээ. Өнөөдрийн (2018.1129)  хуралдаанаар 2019 оны төсөв, хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ.

2019 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ. Мөн Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна. Ирэх онд төсвийн 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын, 40.2 тэрбумаар авто замын, 26.3 тэрбумаар хот нийтийн аж ахуйн, 18.8 тэрбум төгрөгөөр нийгмийн, 4.7 тэрбум төгрөгаар нийтийн тээврийн, 8.3 тэрбум төгрөгөөр төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт оруулахаар төлөвлөжээ. Зарим онцлох ажлуудаас дурдвал, цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор Их тойрууд 110 кВ-ын дамжуулах шугам, 220/110 кВ-ын дэд станцын төсөл хэрэгжүүлэх ажээ. Мөн шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, гэрэлтүүлэг, камержуулалтын цөөнгүй ажил хийхээр төсвийн төсөлд тусгажээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.