Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг баасан гарагт үргэлжлүүлэхээр болов
2018/10/31
31
10 сар

Өнөөдөр (2018.10.31) хуралдсан нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болон хотын ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, агаар, орчны бохирдлыг бууруулж, боловсролын чанарыг олон улсын жишигт нийцүүлэхээр нийслэлийн удирдлагын боловсруулсан үндсэн чиглэлийн төслийн талаар төлөөлөгчид асуулга явуулж, саналаа хэллээ. Тухайлбал, төлөөлөгч Д.Мөнхжаргал "Хүүхдийн хөгжлийн асуудалд анхаарлаа хандууулах цаг болсон. Хөдөлмөр эрхлэлтийн газарт 8000 ажлын байр байдаг ч түүнд тэнцэж ажиллах залуус ховор байна. Өөрөөр хэлбэл, байшин барилга барихад бус, хүүхэд залуусын хөгжилд зориулан хөрөнгө төсөвлөх хэрэгтэй" гэв. Харин төлөөлөгч Ё.Цацралтуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн ИТХ-аас цөөнгүй ажил санаачлан, эхнээс нь хэрэгжүүлж буй. Өнөөдрийн хуралдааны үеэр төлөөлөгчид уг асуудлыг хөндөж, бодлогын шинэчлэл хийх шаардлага байгааг хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Г.Төмөрбаатар "Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулахаар холбогдох хүмүүст албан бичиг хүргүүлсэн. Гэвч хариу нь ирсэнгүй. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ алдагдалтай ажиллаж байна. Үүнийг засах эрх нь дарга нарт бий. Гэтэл парк шинэчлэл огт хийсэнгүй. Тийм боломж байхгүй юм уу. Угаалгын гурван цехийг 900 сая төгрөгөөр байгуулах боломжтой юу. Үзлэг оношлогооны төвийг 850 сая төгрөгөөр хийх шаардлага байна уу. Энэ мэт асуудлаа тодорхой болгох хэрэгтэй" гэсэн юм.

Ийнхүү нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг ирэх баасан гараг (2018.11.02)-т үргэлжүүлэн хуралдуулахаар боллоо.

Өнөөдрийн хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааг шинэчилнэ. Нийслэлийн Тээврийн газрын удирдлагатай холбоотой асуудлыг ч хөндөнө. Бид нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, эдийн засгийн чадамжтай болгох хэрэгтэй. Нийслэл хөрөнгө, баялаг ихтэй ч хууль, эрх зүйн чадамжгүйн улмаас түүнийгээ бүтээн байгуулалтад зарцуулж, эргэлтэд оруулж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан байгуулж, нөөц боломжоо ашиглахаар хотын удиррдлага ярилцаж байгаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл төлөвлөхдөө тооцоо судалгаа, ул суурьтай хандах хэрэгтэй. Ингэхийн тулд орчин үеийн хот байгуулсан олон улсын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдаа сонсох ёстой. Хотын зураг төслийн хүрээлэнг өөрчилж, Хот байгуулалт судалгааны институттай болох  хэрэгтэй. Тэгж байж л хотын өнгө төрхийг тодорхойлох учиртай. Өмчийн өгөөжийг дээшлүүлэхээр аж ахуйн нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Заримыг нь татан буулгаж, нэгтгэх асуудлыг ч үүнтэй холбогдуулан ярих шаардлага гарна” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.