Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2019 оны үндсэн чиглэлтэй холбогдуулан асуулт асууж байна
2018/10/31
31
10 сар

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар асуулт асууж, түүндээ хариулт авч байна.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ. Аялал жуулчлалын нэгдсэн бодлого хотод бий юү. Боловсролын салбар хэзээнээс анхаарах вэ. Залуус мансууруулах бодис хэрэглэх, түүнд донтох явдал гаарлаа. Үүнийг бууруулахаар ямар ажил хийж байна вэ. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны байдал ямар байна вэ. 2019 онд хэдэн ТЭЗҮ, зураг төсөл хийх вэ. Улаанбаатарт өрнөх томоохон бүтээн байгуулалтын зангилаа болсон концессын асуудал юу болж байна вэ. Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар өнгөрсөн хугацаанд бодитой ямар ажил хийсэн бэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -2018 оны хэрэгжилт 86.7 хувьтай байгаа. 2017 оных 96 хувьтай байсан. Бидний хамтдаа баталсан 2016-2020 он хүртэл нийслэлийн хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудыг жил бүрт задалж, төлөвлөдөг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахаар 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барьж байгаа. Мөн боловсролын чанарыг сайжруулахад анхаарал хандуулж, багш нарыг урамшуулж буй. Ингэснээр боловсролын чанар сайжирна гэж үзэж байна. Хамран сургах тойргийг нийслэлийн Боловсролын газраас баталсан. Төрийн өмчийн сургуулиуд үүнийг мөрдөж байгаа. Мөн сургалтын чанартай холбогдуулан “Амжилтын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр: -Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр эхлүүлж, ажилд шууд зуучлах арга хэмжээ авч байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ядамдорж: -Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхээр нийслэлийн ИТХ-аас дэд хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд сурагчдад мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах сургалт зохион байгуулж байна. Үүний үр дүн гарч байгаа. Нийслэлийн цагдаагийн газраас хүүхэд, залуусын дунд судалгаа явуулсан. Гол төлөв шөнийн цагаар, цэнгээний газарт хэрэглэх хандлага ажиглагдсан. Хэрэглэж буй залуус нь амьжиргааны түвшин дээгүүр айлын хүүхдүүд бий.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: -Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар 50 байршилд ажил өрнүүлэхээр болсон. Томоохон зөм, гүүрийн ажлуудыг ирэх онд ашиглалтад оруулна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарим ажлыг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулах талаар албан бичиг ирүүлсэн. Барилгын салбарт гадаадын зээл тусламж татах бэрхшээлтэй байна. 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй барилгын компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны үндсэн чиглэлд үүнийг шийдвэрлэхээр тусгасан. Үүний зэрэгцээ нийслэлд хоёр түвшний арван гарц хийхээр төлөвлөсөн. Зураг төслүүдийг нь хийж байна.

Төлөөлөгч Н.Баярмөнх: -Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулах ажил ямар шатанд явна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал: -УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын аравдугаарт уг хуулийн төсөл бий. Татварын бодлогод өөрчлөлт оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эгүүлэн татах зэрэг асуудал тусгасан.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.