Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
2018/10/30
30
10 сар

Нийслэлийн ИТХ ээлжит XIX хуралдаанаа маргааш хуралдуулж, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална. Мөн хуралдааны үеэр холбогдох албаныхан Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулах юм.

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр холбогдох албанаас энэ оныг "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарлаж, 419 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эл үндсэн чиглэл 86.7 хувийн биелэлттэй байна. Харин ирэх онд 454 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээнээс дурдвал, сайжруулсан түлш нөөцлөх, түгээх, борлуулах цэгүүдийг дүүрэг бүрт байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх юм. Үүний зэрэгцээ агаарын чанарын хяналтын суурин харуулд шинээр гурван төрлийн тоног төхөөрөмж суурилуулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  халаалтын 70 зуухыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг ч эхлүүлэх юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ онд УИХ, Засгийн газрын гурван тогтоол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн удирдлага 2018 оны төсөвт 3.4 тэрбум төгрөг төсөвлөж, боловсруулсан түлш нөөцлөх, түгээх, бэлтгэл ажлыг хангах, техник, технологийн мэдээллийн төв байгуулах, төрийн өмчийн 10 хорооны барилгыг байгаль орчинд ээлтэй технологиор шийдвэрлэх, агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх, иргэдэд экологийн боловсрол олгох, хяналт шалгалт хийх, сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах, галт тэрэгний галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилт  технологи турших зэрэг төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн сайжруулсан түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэн шинэ үйлдвэр барих ажил эхлүүлж, агуулах байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын МХОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.