Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нийслэлийн мэдээ
Нийслэлийн 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо
2018/10/29
29
10 сар

Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан жишээ дурьдахад газрын реформ, шинэчлэлийн хүрээнд орон сууцны хороолол дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газар эзэмших, ашиглах захирамжийг цуцлан иргэддээ 16.3 га газрыг буцаан олголоо. Улаанбаатар хотын хөгжилд иргэн таны үг ямагт үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг дээрх ажлын бодит үр дүн харуулж байна. Цаашдаа ч бид хамтдаа их хотынхоо хөгжил дэвшлийнхээ төлөө иргэдтэйгээ гар бие сэтгэл нийлэн ажиллах болно” хэмээн онцолж байв.

Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эрдэнэт хүний амь аврахын төлөө цусаа хандивласан  хүндэт доноруудаа шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Хүндэтгэлийн тоглолтын эхэнд хүндэт Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр Хүндэт донор Т.Алимааг, нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Хүндэт донор Н.Энхтайванг, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр Хүндэт донор Б.Өлзийхишиг, Б.Хатанбаатар, Ю.Цэрэнчимэд, С.Гантулга, Ю.Алтангадас, Г.Ууганбаяр нарыг шагнаж, урамшуулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.