Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хурал
Дэд хөтөлбөр батлах тухай
2018/10/23

 2018 оны 06 сарын 06-ны өдөр                                                   Дугаар 81                                     Улаанбаатар хот 

 

 

Дэд хөтөлбөр батлах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “ж”, 25 дугаар зүйлийн 25.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /Б.Батбямба/-д үүрэг болгосугай.

 

 

                                                              ДАРГА                                               С.АМАРСАЙХАН

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 Тэргүүлэгчдийн 2018 оны 06  дугаар сарын  

06-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хавсралт

 

 

 

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ”

НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Төрөөс баримтлах хүн амын хөгжлийн бодлого      2016-2025”, Ази номхон  далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллаганы  хөтөлбөр,  “Хөгжлийн  бэрхшээлтэй  хүний  эрх, оролцоо, хөгжлийг дэмжих”  үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль эрх зүйн бичиг баримтуудад үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж амьдрах орчин, нөхцлийг сайжруулах асуудлыг хуульчилсан билээ.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 34246 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 18353 нь эрэгтэй, 15893 эмэгтэй, 0-17 насны хүүхэд 4447 байгаагаас 2420 нь эрэгтэй, 2027 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан заяамал эрхээ бүрэн эдэлж чадахгүй, тэдний сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, мэдээллийг жигд хүртэх зэрэг эрх, боломж хязгаарлагдмал байна. Тухайлбал:  нийтийн тээвэр, барилга байгууламж, зам талбай зэрэг үйлчилгээ,  дэд бүтцийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудал, стандартын шаардлага хангасан тоноглол, тусгай тэмдэглэгээ байхгүй, мэдээлэл харилцаа холбоо нь хүртээмжгүй, тэдний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, нийгмийн зүгээс хандах хандлага нь хангалтгүй байгаа тул тэдний эрхийг хангах, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх бодит хэрэгцээ, шаардлага тулгараад байгаа юм.

Уг хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгт хүмүүжих боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх, ээлтэй дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нэмэгдүүлж эрхийг нь хангана.   

    

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

2.1  Зорилго

2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд тэгш оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар  ойлголт, хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 

2.2.Хөтөлбөрийн зорилт

2.2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний    хүртээмжийг нэмэгдүүлэх.

2.2.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг /хүн/  ердийн сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх.

2.2 3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.

2.2.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд  нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг хүргэх. 

2.2.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээний болон  мэдээллийн хүртээмжийг сайжруулэх.

 

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.
  • . Нэгдүгээр зорилтын хүрээнд:
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гэр бүл, хамт олонд түшиглэн сэргээн засах үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэ чиглэлээр гарсан тусламж, үйлчилгээний заавар,  журмыг  хэрэгжүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа сувилгаа хийх талаар иргэдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлнэ.
    • Ураг, нярай, бага насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх арга, аргачлалд эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж дадлагажуулна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн гишүүдэд гэрийн асаргаа сувилгаа хийх, сургагч багшийг бэлтгэх сургалт зохион байгуулна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уг үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийг чадавхижуулна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн дархлааг сайжруулах, витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
    • Цус харвалт болон ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээнд хамруулна.

 

  • . Хоёрдугаар зорилтын хүрээнд:
    • Цэцэрлэг, сургууль бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэнэ.
    • Сургуульд суралцах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг онлайн, зайны сургалтад хамруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг /хүн/ боловсролын үйлчилгээнд тэгш хамруулна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор тэмцээн уралдаан зохион байгуулна.
    • Багш нарыг чадавхижуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тусгай хэрэгцээт боловсролын төвийг төрийн болон төрийн бус байгууллагыг түшиглэн байгуулна.

 

  • . Гуравдугаар зорилтын хүрээнд:
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулна.
    • Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжүүлж ажиллана.
    • Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт нийцүүлсэн тохируулгатай, байнгын ажлын байр бий болгосон ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

  • Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулна.
    • Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтөд дүн шинжилгээ хийж халамжийн үйлчилгээг оновчтой болгоно.
    • Байцаан шийтгэх үйл ажиллагаанд сонсголын болон бусад бэрхшээлтэй иргэдийг дохионы хэлмэрч орчуулагчаар хангаж ажиллана.
    • Байгалийн гамшиг эрсдлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биеэ хэрхэн хамгаалах, анхны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгуулна.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн сантай болно.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эерэг ойлголт хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, үе шаттай сургалт зохион байгуулна.

 

  • Тавдугаар зорилтын хүрээнд:
    • “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага” MNS 5682:2006, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага MNS6055:2009” стандартуудыг хангуулж ажиллана.
    • Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Цаг үе” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээллийн тогтмол цагтай болж мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж дохионы хэлэнд хөрвүүлсэн daisy болон брайль үсэгтэй номыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулж, нийтэд хүртээмжтэй болгоно.
    • Хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ.
    • Төрийн болон нийтийн үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж, хөтөчийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

 

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮР НӨЛӨӨ, БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

4.1 Хөтөлбөрийн үр дүнг дараах үзүүлэлтээр тодорхойлж, үнэлнэ:

 

 

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

2016 он

Зорилтот түвшин 2022 он

1

Эрт үед нь хөгжлийн бэрхшээлийг илрүүлэн, тусламж үзүүлсэн бага насны хүүхдийн тоо, хувь

Тоо

 

60

200

2

Хөдөлгөөн засалч, ахуй засалч, сэтгэл зүйч бүтэн орон тоогоор ажиллаж байгаа дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМТ-ийн тоо

Тоо

-

9

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалтын  тоо

Тоо

-

40

4

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлсэн тоо

Тоо

10

40

5

Халамжийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй хүргэсэн тоо

Тоо

 

 

6

Стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллагын тоо

Тоо  

-

20

7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмж нэмэгдсэн тоо

Тоо

-

8

 

4.2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

4.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд /хүн/-ийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлнэ.

4.4.Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажилласнаар өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

4.5.“Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, Техникийн шаардлага” MNS 5682:2006, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага MNS6055:2009” стандартуудыг хангуулж  хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэмд оролцох оролцоо нэмэгдсэн байна.

 

ТАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР

5.1. Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. Орон нутгийн төсөв;

5.1.2. Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

5.1.4. Бусад эх үүсвэр:

 

ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ - ШИНЖИЛГЭЭ

6.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт хүргүүлнэ.

6.2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс дэд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг бүхэлд нь хамруулан хэрэгжилтийн явцад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.

6.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан хоёр жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

6.4. Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн санал зөвлөмжийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.