Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
“Голден парк” хотхонд галын машин ч орох боломжгүй байна
2018/10/05
05
10 сар

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа "Голден парк" хотхоны орц гарц, сургууль, цэцэрлэг зэрэг тулгамдсан асуудлаар нийслэлийн мэргэжлийн байгууллагууд болон  хороо, СӨХ, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Тус хотхоны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлаар өнгөрсөн онд мөн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандаж байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Тус хотхоны доторх зам талбай, орц гарцын асуудал шийдэгдээгүй, сургууль, цэцэрлэггүй, төрийн үйлчилгээнээс хол зэрэг хүндрэлтэй асуудал шийдэгдэхгүй олон жил болж байгаа юм байна. Долоон байрны дунд ердөө 30 ам метр тоглоомын талбайтай. Авто зам, гэрэлтүүлэг, камержуулалтгүйн улмаас гэмт хэрэг зөрчил их гардаг болохыг хорооны Засаг дарга мэдээлж байв. Тус хэсэгт долоо хоногт иргэдээс 30-40 өргөдөл гомдол ирдэг, орц гарц, гэрэлтгүүлэггүйн улмаас ихэнх оршин суугч байраа түрээслэдэг болсон  байна. Мөн галын болон түргэн тусламжийн машин орох боломжгүй учир хүндрэлтэй байгаа юм байна. СӨХ-ны дарга Оюунчимэг “Жирэмсэн эхнэрээ нөхөр нь тэврээд гүйж байна, түргэн тусламжийн машин орж ирж чадахгүй учраас өвчтэй зовлонтой хүмүүст хэцүү байна. Манай хороололд гал гарч, хорооллоороо шатах дөхсөн. Галын машин орж ирж чадахгүй айлын цонхоор ус зөөсөн. Хотын төвд байгаа хэрнээ холын сум, багаас муу нөхцөлтэй байна” гэж байв.

Төлөөлөгч Л.Нарантуяа “Энэ хэсэгт маш олон орон сууц баригдаж байна. Төрийн үйлчилгээ хол хүртээмжгүй, сургууль цэцэрлэг, орох гарах гарц байхгүй, автозам байхгүй. Оршин суугчид нь хүүхдүүдээ олдсон газраа сургууль, цэцэрлэгт өгч байна. Энэ хавийн хотхонуудын оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчны стандарт огт хангагдахгүй байна. Одоо "Материал импекс"-ийн хашаа тэр чигтээ орон сууц болох нь. Ямар төлөвлөлт хийгээд ямар ч төрийн үйлчилгээгүй, стандартгүй зөвхөн орон сууц бариулаад байдаг юм бэ. Орон сууцны хотхонуудын энэ асуудлаар удаа дараа мэргэжлийн байгууллагуудад хандаж байгаа боловч тодорхой ажил хийгдэхгүй байгаагийн улмаас иргэд хохироод байна. Үүний улмаас авто замын түгжрэл ч маш их нэмэгдэж байна” гэдгийг хөндсөн юм. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Ц.Тулгын мэдээлснээр 5000 метр квадратаас дээш газарт зайлшгүй сургууль цэцэрлэг барих шаардлага тавьдаг байна. Эдгээр нь төлөвлөлтийн дагуу явж байгаа гэх боловч барилга баригдаад орхигдсон, бусад төлөвлөлт нь зогсонги байдалтай, зарим нь зөрчигдсөн юм байна.

5000 метр квадратаас дээш талбайтай газарт орон сууц барихад сургууль цэцэрлэг, зам талбай барьж байгуулах шаардлага тавьдаг тул компаниуд газраа хувааж, бага зай талбайд хоёр байр барьчихдаг. Ингээд нэг дор олон орон сууцнууд баригддаг боловч төрийн үйлчилгээгүй, авто замгүй байрнууд төвлөрсөөр байгаа аж. Түүнчлэн барилгын ажлын явцын хяналтыг барилга захиалагч өөрөө хийдэг учраас зөвхөн барилга баригдаад бусад төлөвлөлт нь орхигдсон байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдийн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийж, удаа дараа зөрчлийг шийдвэрлүүлэх шаардлагыг “Материал импекс”-т тавьж байсан боловч шийдвэрлэгдээгүй байна. Нийслэлийн МХГ-ын ахлах байцаагийн мэдээлсэнээр “Бусад орнуудад орон сууцны хотхон барихдаа эхлээд зам, төрийн үйлчилгээ орц гарц, дулаан цахилгааны шугам сүлжээг барьж байгуулчихаад орон сууцаа барьдаг бол манайд эсрэгээрээ орон сууцаа бариад араас нь дэд бүтцээ барьдаг. Ингээд иргэд нүүгээд орчихсоны дараа өчнөөн асуудал гарч ирдэг. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн дүгнэлт гаргаж, БХБЯ болон Нийслэлийн удирдлагад хандаж байсан ч юу ч өөрчлөгдөөгүй байна”.

Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар нь барилга барих зөвшөөрөл өгдөг боловч явцын хяналтыг тавьдаггүй, Газрын албанаас шаардлага тавьдаггүй, нийслэлийн МХГ нь зөвхөн иргэний гомдлоор хяналт хийдэг зэрэг уялдаа холбоогүй асуудлын улмаас орон сууцны хотхоны энэ мэт асуудал үүсээд байгаа аж. Тус хотхоны хувьд нөхцөл байдал ийм байдлаар зургаан жил өнгөрч, сүүлдээ материал импексийн хашаагаар орсон машинаас 200 төгрөг авдаг болсон хууль бус байдал газар аваад байгаа юм байна.  Иймд оршин суугчид хотхоны хажууд баригдаж буй барилгыг түр зогсоож, орц гарцыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм байна.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.