Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Ирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018/10/05
05
10 сар

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэхээр өнөөдөр (2018.10.05) нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд төсөл өргөн барилаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд эл төслийг өргөн барихдаа "Нийслэлийн эдийн засаг сайжирч байгаа. Мөн ажилгүйдэл буурсан таатай үзүүлэлт гарлаа. Бид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмж татах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, хүний хөгжлийг дэмжихэд онцгой анхаарлаа. Түүнчлэн хэт төвлөрөл, замын хөдөлгөөний ачааллыг сааруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахын тулд дагуул хот, дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өргөжүүлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэх бодлогын арга хэмжээ тусгасан" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Ард иргэдийн ажил, амьдралтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага, Засаг дарга болон эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөр гэх мэттэй уялдуулан хэрэгжүүлэх бүрэн боломжтой төсөл өргөн барьж байна хэмээн ойлголоо. Нийслэлийн ирэх оны эдийн засгийг өсгөж, түргэтгэх, оршин суугчдыг ажлын байраар хангаж, орлоготой айл өрхийн тоог нэмэгдүүлж, тэр хэрээрээ үр өгөөжтэй байх төсөл болсон байх гэдэгт итгэж байна. Бид холбогдох хууль, тогтоомж, хурлын дэг, бусад журмын дагуу Тэргүүлэгчид болон хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлээд ээлжит XIX хуралдаанд оруулан, хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа. Та бүхний ажилд амжилт хүсье" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.