Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Бидний тухай
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай /Товч танилцуулга/
2018/08/13
13
8 сар

                                                            ТАНИЛЦУУЛГА

“Нийслэл хотын хурал” хэмээх айлын удирдлага нь 1924 оноос хууль, эрх зүйн дагуу буюу Анхдугаар Үндсэн хуулийн хүрээнд хөгжиж эхэлжээ. 1924 онд баталсан Монгол улсын Үндсэн хуулинд Улаанбаатар хотын удирдлага, түүний бүтэц тогтолцоог нь зааж өгснөөс хойш дөрвөн удаагийн Үндсэн хуулиар баяжин баталгаажиж 90 шахам жилийн турш “Хөдөлмөрчдийн Депутатуудын, Ардын Депутатуудын, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гүйцэтгэх захиргаа, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга гэсэн хоёр субьект бүхий тогтолцоог мөрдөн хөгжүүлж, шинэчлэн өөрчилсөөр өнөө үетэйгээ золгож байна.

  • 1924 онд баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлд: “... аймаг, хошуу, сум, баг, арван гэр хүртэл олон хотын газар орон нутгийн Хурал байгуулбал зохино” гэж заасан байна. Үүний дагуу 1924 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дотоод яамны байранд 45 төлөөлөгчөөс 36 нь хүрэлцэн ирж “Хотын цаг зуурын Хурал”-ыг анх байгуулжээ.
  • 1940 онд баталсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд: “Аймаг, сум, баг Улаанбаатар хот, хороо хоринд төрийн эрхийг барих дээд байгууллагууд нь Хөдөлмөрчин Депутатуудын Хурал мөн” гэж заасан байна. Үүний дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Депутатуудын Хуралд 375 хүн ам тутмаас нэг депутат сонгож байхаар хуульчилж, Хурлын чуулганыг жилд хоёроос цөөнгүй удаа, хороонд жилд гурваас цөөнгүй удаа хийдэг болжээ.
  • 1949 онд хуралдсан Улсын Есдүгээр их хурлаас 1940 оны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын Хурлыг “Хөдөлмөрчдийн Ардын Их Хурал” гэж нэрлэн Их хурлын чөлөөт цагт ажиллах “Бага хурал”-ыг бий болгосон байна.
  • 1960 онд баталсан Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлд: “Аймаг, хот, район, сум хороодын эрх барих байгууллага нь аймаг, хот, район, сум, хороодын Ардын Депутатын Хурал мөн. Эдгээр хурлыг зохих орон нутгийн хөдөлмөрчид гурван жилийн хугацаагаар сонгоно” гэж заажээ. Үүнээс хойш 3 жилийн хугацаагаар сонгосоор 1987 онд 15 дахь удаагийн Ардын Депутатын Хурлыг сонгох сонгуулиар 225 хүн сонгогдож байжээ.
  • 1989 онд БНМАУ-ын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Хурал хэмээх айл Гүйцэтгэх захиргаанаасаа өрх тусгаарлан бие даан ажиллах болж, Улаанбаатар хотын АДХ өөрийгөө удирдах дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй, Тэргүүлэгчидтэй болж өөрийн бүтэц, удирдлагаа ийнхүү сонгож байгуулж, Нийслэлийн Хурал бие дааж ажиллаж эхэлсэн шинэ түүх эхэлсэн байна.
  • 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль шинээр батлагдаж, уг хуулийн дагуу хотын шинэ хурал, шинэ засаглал бий болсон байна. Үндсэн хуулинд: “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж заасан ёсоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдож байгуулагджээ. Энэ үеэс эхлэн төрийн эрх барих чиг үүрэгтэй, удирдлагын арга хэлбэр өөрчлөгдөж, нутгийн өөрөө удирдах ёсны дагуу иргэдийн өөрсдийнх нь байгууллагаар солигдон иргэдээсээ 72 төлөөлөгч сонгогдож байсан байна. Улмаар 1992-1996 онд 40 төлөөлөгч,     1996-2000 онд 40 төлөөлөгч, 2000-2004 онд 40 төлөөлөгч, 2004-2008 онд 40 төлөөлөгч, 2008-2012 онд 45 төлөөлөгч, 2012-2016 онд 45 төлөөлөгч, 2016 оноос 45 төлөөлөгч иргэдээсээ сонгогдон нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө, нийслэлчүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хамтын шийдвэр гарган ажиллаж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон үе үеийн Хурлын төлөөлөгчид сонгуульт үүргээ биелүүлэх бүрдээ  Нийслэлийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлж төлөвшүүлэхэд шинэ санал, шинэлэг санаачилга гарган ажиллаж, өөр өөрийн түүхэн хувь нэмрээ оруулан ажилласаар байдаг билээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлэх, Хурлын тэргүүлэгч, Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдэнд туслах үүргийг гүйцэтгэдэг юм. Хурлын ажлын алба нь Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтэс, Санхүү, аудитын тасаг, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны тасаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг, Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын алба, Хурал дахь АН-ын бүлгийн ажлын алба, асуудал хариуцсан зохион байгуулагч, гэрээт ажилтан гэсэн нийт 41 орон тоогоор ажиллаж байна.

Холбоо барих
Монгол улт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7
Холбоо барих утас: 70119921 /ХМОНХХ/
Имэйл хаяг: info@citycouncil.mn
Copyright © 2018 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.