Улаанбаатар төмөр зам дагуу 13 нүхэн гарц, гүүр барина

2017 -оны 4 -р сарын 29

205

image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх, ААН-үүд хашаа хатгах, барилга барих зэргээр хууль, дүрэм, журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа, хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсоныг онцоллоо. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож, хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах, төмөр замын гарам, гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагуудыг ийнхүү Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын зурвас газруудын өнөөгийн байдалтай танилцууллаа.

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугмын дагуу тэнхлэгээс хойш 50 м газар төмөр замын зурвас газар байдаг. Энэ байдал алдагдаж маш олон аж ахуйн нэгж, иргэд энэ хэсэгрүү шахаад хашаа барилга барьж байна. Энэ нь төмөр замын аюулгүй байдлаас авахуулаад шинэ зам барих зэрэг хөгжлийн үйл ажиллагаанд саад болж байна” хэмээв.

“Улаанбаатар төмөр зам нь 1949 оны Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэхүү хэлэлцээрийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж удаа дараа өөрчлөх хүсэлтийг Оросын тал тавьж зөвшөөрүүлсэн байна. Үүний дагуу МУ-ын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэлэлцээр дээр ажиллаж байна. Хэлэлцээрийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх болно. Өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамтран зурвас газруудаар явж үзэж байна. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ” хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярилаа.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх, осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр, нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр төмөр замын үйл ажиллагаа болоод тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж байна. Төмөр замын гарам, гарцтай холбоотой маш их зөрчил байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэд гүүр, 13 нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төмөр замын аюулгүй байдлыг бид хангах ёстой. Тийм учраас нэлээд олон газрын газар эзэмжих захирамжийг хүчингүй болгох шаардлага гарна. Мөн зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. ЗТХЯ, УБТЗ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлаар дэс дараатай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана. Улаанбаатар Налайх чиглэлийн суудлын галт тэргийг явуулж өгөх хүсэлт иргэдээс их ирж байна. Налайхын уурхайн ашиглалтаас хамаараад суудлын галт тэрэг явахгүй байгаа. Уурхайн зориулалтаар олгосон газрын хэмжээг тодорхойлоод, аюулгүй байдлыг хангасны дараа суудлын галт тэргийг явуулах боломж бүрдэнэ гэж бодож байна” гэлээ. Төмөр замын хашаа, хайсанд тулган барилга барьж, хашаа хатгасан аж ахуй нэгж, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авна. Улаанбаатар төмөр замтай хамтран  олон шинэ ажлуудыг эхлүүлэхийн тулд ийнхүү Нийслэл хот, салбарын яамтай хамтран ажлын хэсэг анх удаа байгуулж байгааг хэллээ. Газрын харилцаа, зорчих хөдөлгөөн, гарц гарам нэмэгдүүлэх зэрэг дорвитой ажил хийнэ” гэж нийслэлийн удирдлагууд хэлж байна хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАВСРАЛТ: