Ц.Сандуй: Бид шат шатандаа улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой

2017 -оны 4 -р сарын 18

522

image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй болон бусад албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус дүүргээс зохион байгуулж буй “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг нээж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй “Энэ танхимд хуран цугласан Налайх дүүргийн МАН-ын хорооны нийт идэвхтэн, сонгуультан, гишүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид “Итгэлцэл-Эв нэгдэл нэмэх нь хариуцлага” сэдвийн дор зөвлөлдөж байна. Бид бүхэн 2014 онд “Итгэлцэл эв нэгдэл” анхны идэвхтэн гишүүдийн зөвлөгөөнийг нийслэлийн хэмжээнд АСА циркэд хийж байсан. 2015 онд “Бидний шийдэл-Зөв хот” зөвлөгөөн, 2016 онд “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Мөн бүтэн өдрийг нийслэлийн хөгжлийн талаар намын гишүүд, дэмжигчид болон нийслэлчүүдийнхээ дуу хоолойг сонсч, ярилцан өнгөрүүлж байлаа. Харин 2017 онд өнөөдөр бид “Итгэлцэл эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөнийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна. Маргаашаас Ховд аймагт баруун бүсийн зөвлөгөөнөө нээнэ. Өнөөдөр бид бүхэн 6 дахь дүүрэгтээ ажиллаж байна. Бидэнтэй зэрэгцээд Хан-Уул дүүрэгт тус зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөнөөр бид намын ажлыг шинэ шатанд гаргах талаар ярих ёстой. Намаас өгсөн бодлого чиглэлийг та бүхэн дүүргийнхээ нутаг дэвсгэрт хэрэгжүүлж, үүр болгон хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн өдийд бид шат шатандаа маш хариуцлагатай, идэвхтэй, ялахын төлөө гэсэн өндөр хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байсан. Бид чадсан. Харин одоо бид ялалтаа баталгаажуулахын тулд улам их эрч хүчээр хариуцлагатай ажиллах ёстой. Намын ажлыг идэвхжүүлэхийн тулд удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа. Намын ажлыг заваараа биш цаг гаргаж хийдэг байх ёстой” хэмээн онцоллоо.  Зөвлөгөөнөөр “Итгэлцэл эв нэгдэл, хариуцлага” сэдвээр МАН-ын Бага хурлын гишүүн, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч, Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны дарга С.Амарсайхан, “МАН-ын хяналтыг сайжруулах, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Налайх дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Умбаруу, “Налайх дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдвээр тус дүүргийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, “Налайх дүүргийн хөгжил, хэтийн төлөв” сэдвээр Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар тус тус илтгэл тавилаа.

Илтгэлийн дараагаар Налайх дүүргийн МАН-ын хороо шинэ гишүүдээр эгнээгээ тэлж, тус иргэдэд намын батлах, энгэрийн тэмдэгийг холбогдох албаныхан зүүж өглөө. Түүнчлэн олон жилийн турш хоёргүй сэтгэлээр МАН-д зүтгэсэн ахмадууд болон идэвх, зүтгэл гарган ажилласан гишүүдэд Ахмад зүтгэлтэн тэмдэг, МАН-ын хүндэт тэмдэг болон Эх орны төлөө медалиар шагнав.

НИТХ-ын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй энэ сарын 10-ны өдрөөс нийслэлийн дүүргүүдэд ажиллаж  эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд сонгогчидтой уулзсанаар Улаанбаатар хот дахь “Итгэлцэл-Эв нэгдэл, хариуцлага” зөвлөгөөн дуусч байна гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

ХАВСРАЛТ: