“Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл, Эрүүл хүүхэд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна

2017 -оны 2 -р сарын 24

227

image

НИТХ-ын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн иргэдийг, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажлын байртай болгох, бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл, Эрүүл хүүхэд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй үед өөрсдийн нөхцөл бололцоог ашиглан орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Ажилтай, орлоготой, Аз жаргалтай гэр бүл”-ийг бий болгоход төслийн үйл ажиллагаа чиглэгдэх юм. Өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй 156 дугаар цэцэрлэгт очиж, төслийн үйл явц, үр дүнгийн талаар багш, эцэг эхчүүдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг нийт 45 цэцэрлэгтэй. Эхний ээлжинд дүүргийн тэргүүний 156 дугаар цэцэрлэг дээр төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 7 эцэг эхийг сургалтад хамруулж, эсгий олбог, шаахай хийж сургасан байна.   Үүний үр дүнд тус цэцэрлэгт ашиглаж буй хятадын хуванцар сандал, чийг татдаг углааш, шаахайн асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Цэцэрлэгүүдэд ашигладаг хуванцар сандал хүүхдийг доороос нь хайрч, жиндүүлдэгээс хүүхдүүдийн хоолой өвдөх зэрэг эрсдэл байдгийг эмч нар хэлдэг. Харин төслийн үр дүнд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ эсгий шаахай, сандлын олбог хийж өгсөн байна.

Цэвэр монгол хонины ноосоор хийсэн углааш, сандлын олбог нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй ажилгүй, орлогогүй байсан эцэг эхчүүд гэрээрээ үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломж ч нээгдсэн байна.

СХД-ийн 156 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа “Манай цэцэрлэгийн дунд Б бүлэг 55 хүүхэдтэй. Төслийн хүрээнд энэ ангийн бүх хүүхэд эсгий шаахай, сандлын олбогтой боллоо. Хүүхдүүд маань дулаахан сайхан байгааг хэлж байгаа. Манай цэцэрлэгт энэ төсөл хэрэгжсэнд бид талархаж байна. Төслийг санаачилсан НИТХ-ын дарга Ц.Сандуйд болон түүний ажлын албаны хамт олонд баярласнаа илэрхийлье” гэлээ.

“Зөвхөн 156 дугаар цэцэрлэгээр төсөл дуусахгүй. Цаашид Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны бүх цэцэрлэгт төслөө хэрэгжүүлж, бүх хүүхдийн эрүүл мэндийг хамгаагаалах эсгий углааш, шаахай, олбогтой болгохоор зорьж байна” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй ярилаа. Тэрбээр энэ үеэр төслийн хүрээнд сургалтад хамрагдсан эцэг эхчүүдэд сертификат болон эсгий эдлэл урлах машиныг гардуулан өглөө.

ХАВСРАЛТ: