1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо

2016 -оны 12 -р сарын 26

131

image

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд боллоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Харшийн сүлд модны наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр хүн бүхний хүсэн хүлээдэг наадамдаа хүүхэд багачууд та бүхэн маань сурлагын богц дүүрэн амжилттай ирсэн гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлд дулаан, итгэлд гал нэмж, хүүхэд багачуудад урам өгдөг энэхүү наадмыг бид ч хүүхэд байхдаа хүсэн хүлээдэг байсан. Хотын удирдлагууд бид хүүхэд бүр гэр бүлдээ амар тайван амьдарч, эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж, авьяас чадвараа хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах олно. Ахмад үеэ хүндэтгэн дээдэлж, үндэсний өв уламжлал, ёс заншилаа хүндэлсэн, боловсролтой, ухаантай, эх оронч, нийслэлийн бүтээгч иргэн болоорой гэж хүүхдүүддээ хүсье. Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон Улаанбаатар хотынхоо бяцхан иргэдэд сайн сайхныг хүсч, “Баясгалантай багачууд” сэдвийн дор 2016 оны “Харшийн сүлд модны наадам” нээснийг дуулгая” гэлээ.

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг наадамд хүрэлцэн ирсэн багачуудад баярын бэлэг гардуулсанаас гадна уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид шинэ жилийн баярын тоглолтоо үзүүлж сонирхуулсан юм. Хүүхдийн ордны бүжиг, дуулаач, хөгжим, драмын дугуйлангийн 110 сурагч “Цурхай загасны зарлигаар” хэмээх үлгэрээс сэдэвчилсэн тоглолтоо толилууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАВСРАЛТ: