НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСӨЛ

2018 -оны 8 -р сарын 9

271

image

Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн   

 Хурлын Тэргүүлэгчдийн   2018 оны ..... дугаар сарын

......... өдрийн ...................  тогтоолын  хавсралт

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Энэ журмын зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэн, нийслэлийн худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, тавигдах шаардлага, захиргааны байгууллагын чиг үүрэг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хамтран ажиллах гэрээ байгуулах, бүртгэлжүүлж мэдээлэх, хяналт тавих замаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч этгээдтэй харилцах үйл ажиллагааны үр дүнтэй зохицуулалтыг  бий болгоход оршино.

1.2. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ шинээр эрхлэх болон эрхэлж байгаа этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, журам, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг удирдлага болгоно.

1.4. Энэ журам нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэнд нэгэн адил үйлчилнэ.

 

ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ

2.1. Худалдаа:

2.1.1. бөөний худалдааны төв;

2.1.2. агуулах дэлгүүр;

2.1.3. худалдааны төв;

2.1.4. зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;

2.1.5. их дэлгүүр;

2.1.6. хайпермаркет;

2.1.7. супермаркет;

2.1.8. үзүүлэнгийн танхим;

2.1.9. аутлет;

2.1.10. бутик;

2.1.11. минимаркет;

2.1.12. хүнсний дэлгүүр;

2.1.13. ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;

2.1.14. төрөлжсөн хүнсний барааны дэлгүүр;

2.1.15. төрөлжсөн хүнсний биш барааны дэлгүүр;

2.1.16. мухлаг /хүнсний болон хүнсний биш барааны/;

2.1.17. түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;

2.1.18. улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;

2.1.19. дахивар худалдан авах цэг.

2.2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

2.2.1. ресторан;

2.2.2. баар /диско, билльярд, караоке, бусад/;

2.2.3. кафе;

2.2.4. цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;

2.2.5. түргэн хоолны газар;

2.2.6. кофе шоп /суурин болон зориулалтын тоног төхөөрөмж бүхий явуулын/

2.3. Ахуйн үйлчилгээ:

2.3.1. үсчин;

2.3.2. гоо засал;

2.3.3. хумс засал;

2.3.4. хувцас захиалга, засвар;

2.3.5. гутал захиалга, засвар;

2.3.6. гэр ахуйн тавилгын захиалга, засвар;

2.3.7. ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;

2.3.8. алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;

2.3.9. цүнх захиалга, засвар;

2.3.10. нүдний шил захиалга, засвар;

2.3.11. цоож, түлхүүр засвар;

2.3.12. цаг засвар;

2.3.13. хими цэвэрлэгээ, угаалга;

2.3.14. гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;

2.3.15. гэр цэвэрлэх үйлчилгээ;

2.3.16. айл нүүлгэх үйлчилгээ;

2.3.17. эд бараа түрээслэх үйлчилгээ;

2.4.  Зочлох үйлчилгээ

2.4.1. зочид буудал;

2.4.2. дэн буудал;

2.4.3. жуулчны бааз;

2.4.4. амралтын газар;

2.4.5. гэр буудал;

2.5. Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 

  2.5.1. нийтийн халуун ус;

2.5.2. саун;

2.5.3. бассейн;

2.5.4. чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробек, иог, бүжиг гэх мэт/;

2.5.5. алжаал тайлах төв /иллэг/;

2.5.6. нийтийн бие засах газар.

 

2.6. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /авто машин, эд зүйлс/;

 

2.7. Авто үйлчилгээ:

2.7.1  авто засвар /агрегат, кузов/;

2.7.2  дугуй засвар;

2.7.3  автомашины угаалга;

2.7.4  автомашины доторлогоо;

2.7.5  авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

2.7.6. авто зогсоол /битүү, ил/;

2.7.7. авто үнэлгээ.

2.8. Тоглоомын төв:

2.8.1.цахим;

2.8.2: хүүхдийн.

ГУРАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, БҮРЭЛДЭХҮҮН,   ЧИГ ҮҮРЭГ

 

3.1. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий “Худалдаа, үйлчилгээний зохицуулах Зөвлөл” /цаашид “Зөвлөл” гэх/  дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.

 

3.2.  “Зөвлөл”-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд “Зөвлөл”-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг дарга батална.

 

3.3.  “Зөвлөл” нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:

3.3.1. дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;

3.3.2.  дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;

3.3.3. дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн  асуудал хариуцсан нэгж;

3.3.4. дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;

3.3.5.  дүүргийн газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;

3.3.6.  дүүргийн татварын хэлтэс.

 

3.4. Дараах чиглэлийн байгууллагын төлөөллийг “Зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд ажиллуулж болно:

   а)   хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар;

   б)  тухайн хорооны Засаг дарга;

   в)  иргэний нийгмийн байгууллагын 2 төлөөлөл

 

3.5. “Зөвлөл” нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.5.1. худалдаа, үйлчилгээ эрхлэх этгээдтэй хамтран ажиллах чиглэлээр гэрээ /цаашид “гэрээ” гэх/ байгуулах ба энэхүү “гэрээ”-г зөвшөөрөл авсанд тооцож батламж олгох;

3.5.2. дүүргийн  нутаг  дэвсгэрт  худалдаа, үйлчилгээ  эрхлэгч  этгээдийг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, тогтмол баяжуулах;

  3.5.3.  хууль тогтоомж, журам, удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг хангах;

            3.5.4. тухайн нутаг дэвсгэрт улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ явуулах байршлыг тогтоох, нийтэд ил тод мэдээлэх;

3.5.5. худалдаа, үйлчилгээ эрхлэгч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн дутагдлыг арилгуулах,

3.5.6.  ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхээс урьдчилан сэргийлэх;

3.5.7. түлш, мод, нүүрс, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулуу худалдах цэг болон дахивар нөөцийн цэгийн байршлыг батлах;

3.5.8.   худалдаа, үйлчилгээний чиглэлээр нутаг дэвсгэртээ тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, этгээдэд уламжлах;

3.5.9.  энэ журмыг зөрчсөний улмаас “гэрээ” нь цуцлагдсан худалдаа, үйлчилгээ эрхлэгч этгээдийг мэдээллийн нэгдсэн санд тэмдэглэж, энэ тухай тус этгээдэд болон Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус ажлын 3 өдөрт багтаан “Зөвлөл”-ийн даргын албан бичгээр мэдэгдэх.;

3.5.10.  энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас, бүтэн жилээр тайлагнах, өгсөн үүргийг  хугацаанд нь биелүүлэх;

 

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БОЛОН

 ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

4.1. Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр  дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1. “Зөвлөл”-ийг  удирдлага, чиг үүргээр хангах, хяналт тавьж ажиллах;

4.1.2 энэ журмын 6.7-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, уг дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах;

            4.1.3. Нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Тээврийн газар, дүүргүүдийн Засаг даргын саналыг үндэслэн ТҮЦ-ийн байршил, тоог батлах;

            4.1.4. худалдаа, үйлчилгээ эрхлэх этгээдтэй байгуулах “гэрээ”-ний үлгэрчилсэн загварыг батлах.

 

4.2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.2.1.  худалдаа, үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих, илэрсэн дутагдлыг арилгах шаардлагыг “Зөвлөл”-д тавих;

4.2.2.  “Зөвлөл”-ийг мэргэжил арга зүйн  удирдлагаар хангах,

            4.2.3.  хууль тогтоомжид заасан бусад.

ТАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

            5.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд холбогдох хууль тогтоомж, стандартад зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

5.1.1. дүүргийн “Зөвлөл”-тэй “гэрээ” байгуулж, тухайн дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;

5.1.2. хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй үйлчилгээ нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 13.2, 13.4-д тус тус заасны дагуу тохирлын үнэлгээнд заавал хамрагдсан байх;

5.1.3.  ажилтнууд нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй байх;

5.1.4.  их дэлгүүр, худалдааны төв, 100-аас дээш суудалтай ресторан нь хүүхэд саатуулах булан буюу хүүхэд амрах орчинтой, ариун цэврийн өрөөнд хүүхдийн живх солих тавцантай, хүүхдийн тэрэгтэй орох боломжтой байх;

            5.1.5.  ресторан нь хүүхдэд зориулсан хоолны цэстэй, хүүхдийн нас биений онцлогт тохирсон ширээ сандалтай байх;

            5.1.6. энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан ангиллын худалдааг Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар зориулалтын дагуу олгогдсон байршилд эрхлэх; 

            5.1.7.  худалдаа, үйлчилгээний барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт хийсэн байх;

5.1.8. энэ журмын 2.1.7-д заасан ангиллын худалдааны газар нь хэрэглэгчдэд зориулсан шуудангийн хайрцаг байршуулсан байх;

            5.1.9. улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан, Д.Сүхбаатарын нэрэмжит талбайгаас бусад байршилд, аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байх;

            5.1.10. ТҮЦ нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан байршилд байрласан байх;

5.1.11.  худалдаа, үйлчилгээний ангиллыг зөв нэршилээр байгууллагын гадна хаяг, хаягийн байгууламж дээр байршуулсан байх;

5.1.12.  гадна хаяг, хаягийн байгууламж нь холбогдох журам, шаардлагад нийцсэн байх;

5.1.13. хяналтын камерын үзүүлэлт нь “Барилга орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер MNS 6423:2013 стандарт”-ын шаардлагыг хангасан байх;

5.1.14. зах, худалдааны төв болон барилгын материалын дэлгүүрийн худалдааны танхимд “Хяналтын жин”-г тодорхой хаягийн дор, худалдан авагч чөлөөтэй ашиглах боломжтойгоор байрлуулсан байх;

5.1.15. хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон автомашин угаалгын газар MNS 5975:2009 стандартыг хангасан өөх тос баригчийг суурилуулж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангасан байх;

5.1.16. үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд нь ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байгаа бохир усыг тунгаах, цэвэрлэж зайлуулах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон ба нефтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэдэг байх;

5.1.17. гэр хороолол, зуслан, ногоон бүсэд энэ журмын 2.4.1-2.4.5-д заасан ангиллын үйлчилгээ эрхлэгч нь өөрийн барилга байгууламжийн ариун цэврийн байгууламжийг хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц бүхий бохир ус цэвэрлэх байгууламжтайгаар шийдвэрлэсэн байх; 

5.1.18.  худалдаа, үйлчилгээний газар нь эрүүл ахуйн нөхцөл, стандарт шаардлага хангасан, нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөтэй байх.

 

            ЗУРГАА. ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

6.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэхээр “Зөвлөл”-д хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна.

6.1.1. эрхлэх үйлчилгээний төрөл, хугацаа, байршлыг тодорхой дурдсан албан хүсэлт /аж ахуйн нэгж бол албан бичиг, иргэн бол өргөдөл/;

6.1.2.   аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь хүн бол иргэний үнэмлэх /хуулбар/;

6.1.3.  MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан гадна болон дотоод орчны хяналтын камер суурилуулсан тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6.1.4. худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/;

6.1.5. худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрыг түрээслэсэн тохиолдолд түрээсийн гэрээ /хуулбар/;

6.1.6.  галын аюулгүй байдлын дүгнэлт /хуулбар/;

6.1.7.  хог тээврийн гэрээ /хуулбар/;

6.1.8. энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан ангиллаар худалдаа эрхлэх тохиолдолд           газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ /хуулбар/;

6.1.9.  мод, модон материалын зах ажиллуулах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагатай  байгуулсан “Экологийн хариуцлагын гэрээ” /хуулбар/;

6.1.10. Энэ журмын 2.6-д заасан ангиллын үйлчилгээ эрхлэх тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6.1.11. энэ журмын 2.7.3-д заасан ангиллын үйлчилгээ эрхлэх тохиолдолд “Машин угаах техникийн нөхцөл”, Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт /хуулбар/;

6.1.12. энэ журмын 2.7.1-2.7.6-д заасан ангиллын үйлчилгээ эрхлэх тохиолдолд “Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ” /хуулбар/;

6.2. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн тохиолдолд нэгдсэн цахим системд нэвтэрч хүсэлтээ гаргана.

6.3. Худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд энэ журмын  6.1.1-6.1.12-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй тохиолдолд “Зөвлөл” бүрдлийг хангуулахаар албан бичгээр буцаана.

6.4. Энэ журмын 6.3-т зааснаас бусад тохиолдолд “Зөвлөл” 6.1-д заасны дагуу хүргүүлсэн баримт бичгийг ажлын 10 өдөрт  багтаан хянаж, шаардлагатай гэж үзвэл ажлын байртай танилцаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна.

6.4.1. худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь 5.1-д заасан шаардлагыг хангаж байгаа бол ажлын 10 өдөрт багтаан “Гэрээ” байгуулж, дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгэх;

6.4.2. худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь 5.1-д заасан шаардлагыг бүгдийг эсвэл аль нэг заалтыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай  “Зөвлөл” тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, ажлын 10 өдөрт багтаан албан бичгээр хүргүүлэх;

6.4.3. худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь энэ журамд тусгагдсан худалдаа, үйлчилгээний газрын шинжийг агуулаагүй бол “Гэрээ” байгуулж, дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгэх шаардлагагүй тухай хариуг ажлын 3 өдөрт багтаан албан бичгээр мэдэгдэж буцаан хүргүүлэх;

6.4.4. энэ журмын 6.4.2, 6.4.3 -д заасан арга хэмжээг “Зөвлөл”-ийн даргын албан бичгээр мэдэгдэх.

6.5. худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь зөрчилтэй байгаа тухай энэ журмын 6.4.2-д заасан “Зөвлөл”-ийн дүгнэлтийг хүлээн авч, зөрчлөө арилгасан бол энэ тухай ажлын 10 өдөрт багтаан хүсэлтээ “Зөвлөл”-д дахин хүргүүлнэ.

6.6. худалдаа, үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь энэ журмын 6.4.2-д заасан “Зөвлөл”-ийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай “Зөвлөл”-д ажлын 10 өдөрт багтаан албан бичгээр хариу мэдэгдэнэ.

6.7. энэ журмын 6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл “Зөвлөл” дүгнэлт гарган, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлэхээр ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.

6.8.  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар  энэ журмын 6.7-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг  хэлэлцэж шийдвэр гаргана.

 

ДОЛОО. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН  ЭРХ

 

7.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй байна:

            7.1.1. дүүргийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэнээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх, холбогдох нутгийн захиргааны байгууллагад хандаж төрийн үйлчилгээ /дулаан, цахилгаанаар хангуулах, тохижилт  хийлгэх,  хог тээвэрлэх, ... гм/ авах,

7.1.2. худалдаа, үйлчилгээндээ хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инноваци, нэвтрүүлсэн, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд шагнал, урамшуулалд хамрагдах;

            7.1.3. худалдаа, үйлчилгээний чиглэлээр гарсан хууль тогтоомж,  журам, стандарт, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;

7.1.4. “Зөвлөл”-тэй “гэрээ” байгуулах, хяналт тавих явцад хууль, тогтоомжийн хүрээнд холбогдох албан тушаалтанд шаардлага тавих;

7.1.5. энэ  журамд  заасан  эрх  зөрчигдсөн  гэж үзвэл дээд шатны  албан тушаалтан,

холбогдох захиргаа, хууль хяналтын байгууллагад гомдол гаргах.

 

           НАЙМ.  ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ

 

            8.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь  дараах үүрэгтэй байна:

            8.1.1.   холбогдох хууль, тогтоомж, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж, хотын соёлжилт, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулахад хувь нэмэр оруулах;

            8.1.2.               8.1.3. хүнсний зориулалтын хэрэгсэл, уут, сав, баглаа, боодлыг худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлэх;

            8.1.4. хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хоолны цэсэндээ шим тэжээлийн мэдээлэл /илчлэг/-ийг тусгах;

            8.1.5. худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх; 

            8.1.6. ТҮЦ эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх;

            8.1.7. ТҮЦ нь хууль тогтоомжоор хориглоогүй хүнсний биш бараа бүтээгдэхүүн худалдах;

            8.1.8.   мал, амьтан болон мал, амьтны гаралтай түүхий эдийг зөвхөн зориулалтын худалдааны газар, төрөлжсөн зах, биржид худалдах;

            8.1.9.   түлш,  мод,  нүүрс,  барилгын  материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдаа, дахивар нөөцийн цэгийг баталсан  байршил, зориулалтын тохижуулсан газарт эрхлэх;

            8.1.10.  ахуйн  хэрэглээний  шингэрүүлсэн  шатдаг  хийг  энэ  журмын  2.1.1-2.1.7-д заасан  ангиллын  худалдааны  газарт, төрөлжсөн  тасгаар,  онцгой  байдлын  асуудал эрхэлсэн байгууллагын улсын байцаагчийн дүгнэлттэйгээр 21 наснаас дээш насны хүнд худалдах ба аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгааг дагалдуулах,

8.1.11. автомашины угаалгын үйлчилгээнээс гарсан хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэн (саарал ус)  ашиглах;

8.1.12.  “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын 1.3.1-1.3.6-д заасан бүтээгдэхүүнийг хэрэглэх, уг журмын 2.4.3.1, 2.4.3.2 дахь заалтыг тус тус мөрдөх;

           

            ЕС. ХАРИУЦЛАГА

 

9.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.2. “гэрээ” цуцлагдсан тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх болон холбогдох төрийн үйлчилгээ авах эрхгүй болно.

9.3. Удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг цаашид “гэрээ” байгуулж батламж олгохгүй /хар/ жагсаалтад бүртгэнэ.

 

АРАВ. ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

 

10.1.Энэ журмыг 2018 оны ...  дугаар сарын ... өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

ХАВСРАЛТ: