ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ ЮУ БАЙВ?

2018 -оны 7 -р сарын 19

244

image

НИТХ-ын дарга С.Амарсайхан  өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ -т  ажиллалаа. Тэрээр иргэдээс гаргадаг санал гомдол, газар дээрээ болж буй үйл явцын талаар тус газрын удирдлагууд, зохих зөвшөөрөл аван  хөдөлмөр эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцож, хууль журам зөрчин эмх замбараагүй байдал үүсгэдэг асуудлыг газар дээр нь  шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгөв.

Тухайлбал, иргэд амрах зугаалах орчин  шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна зэрэг гомдлыг түлхүү  гаргажээ. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Хууль тогтоожийн хүрээнд бүх талаас  холбогдох байгууллагуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг  яаралтай авч хэрэгжүүлж  удирдлага зохион байгуулалтын  өөрчлөлтийг хийх ёстой. Цөөхөн хүний эрх ашгийн төлөө бус нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй  худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт  өгч аюулгүй байдлыг бүрэн хангуулах шаардлагатай байна" гэлээ. 

Өнөөдрөөс эхлэн НМХГ-аас  ажлын хэсэг гарч эрүүл ахуй, чанар, барилга байгууламжийн стандарт норм зэрэг 15 чиглэлээр  хяналт, шалгалт хийх ажлыг эхлүүлэв. Мөн нийслэлээс ажлын хэсэг гарч нөхцөл байдлыг судалж тодруулах ажлыг хийж байна.  Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн  шаардлагатай шийдвэрүүдийг  НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм. 

            Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  ОНӨТҮГ нь 183 га талбайд 110 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдгаас 24 нь харуул хамгаалалтын чиглэлээр бусад нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажил хариуцдаг юм байна.  Талбайн хэмжээтэй харьцуулбал хүн хүч дутмаг тул задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад асуудал үүсдэг талаар ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ. Зөвшөөрөл авч худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  54 аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ үзүүлдэг аж. Харин  шорлог зардаг иргэд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул худалдаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байна. Гэвч эдгээр иргэд зохион байгуулалттай эсэргүүцэл илэрхийлж, харуул хамгаалалтынхан төдийгүй НМХГ-ын байцаагчийн биед хүртэл халдаж, гэмтээж байсан удаатай гэлээ.

 НИТХ ХМОНХТ

ХАВСРАЛТ: