Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2018 -оны 6 -р сарын 20

638

image

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хотуудын хоорондын ойлголцлыг  шинэ шатанд гаргаж, иргэдэд үр өгөөжтэй, эрх тэгш,  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Тухайлбал, хоёр хотын бодлогыг тодорхойлох байгууллага болох НИТХ болон Бээжин хотын АТХ-ын Байнгын хороо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, талуудын найрамдалт харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, нийтийн аюулгүй  байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам нийтийн тээврийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, боловсрол шинжлэх ухааны болон бусад салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхижүүлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотын АТИХ-ын байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар хийсэн айлчлалын хүрээнд энэхүү  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Үүний гол агуулга нь хоёр хотын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Тэр дундаа Бээжин хот нь иргэдийн аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр сүүлийн үеийн технологи дээр суурилж, ухаалаг хотын шийдэл дээр тулгуурлаж хотын аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тиймээс энэ чиглэл дээр хамтран туршлага хуваалцаж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын албан хаагчдыг бүх салбарын хүрээнд сургах, дадлагажуулах төлөвлөгөө бий. Хамгийн чухал нь агаарын бохирдолыг бууруулахын тулд орон сууцны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Бээжин хотын АТХ-ын Байнгын хорооны дэд дарга Жан Чинг “Энэ хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт хоёр хотын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах. Хоёрдугаарт эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах. Гуравдугаарт дүүргүүдийн харилцааг бэхжүүлэх. Цаашдаа хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэв.

Үүний дараа манай улсад хүрэлцэн ирсэн Бээжин хотын АТХ-ын байнгын хорооны дэд дарга тэргүүтэй албаны хүмүүс, НИТХ-ын төлөөлөгч нар хамтын ажиллагааны талаар санал  солилцлоо.

 НИТХ-ын ХМОНХТ

ХАВСРАЛТ: