Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

2017 -оны 1 -р сарын 17

390

image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ. Мөн энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд энэ тал дээр Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Харин ноён Масато Такаока НИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Монгол-Япон найрамдлын нийгэмлэгийн тэргүүний хувиар Монгол Улс, Япон Улсын харилцаанд хувь нэмрээ оруулж байгааг нь сайшаан тэмдэглэлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын нийт иргэдийн тал нь амьдардаг тул хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэлээ  гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАВСРАЛТ: