Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна

2018 -оны 5 -р сарын 2

310

image

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа.

Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр докторын зэрэг хамгаалсан Н.Амаржаргал нарын эрдэмтэн судлаачид болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч П.Баярхүү болон НАЗХ, НЗЦГ, Улаанбаатар зам арчлалт ТӨК, ННТГ, НГА, НБГ, ЗХУТ зэрэг нийслэлийн агентлаг, газар хэлтсийн дарга удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гишүүд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ хүргэж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Манай ажлын хэсэг НИТХ-тай хматран ажиллахын зэрэгцээгээр холбогдох яам, газруудтай хамтраэн ажиллаж байгаа. Цаашдаа бид хийх ажлаа төлөвлөн, ажлын давхардалт гаргахгүйгээр хуваан авч гүйцэтгэх хэрэгтэй байна.Түгжрэлийг бууруулах асуудал олон хүчин зүйлээс хамааралтай. Ялангуяа энд жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёл, дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцох явдал хангалтгүйгээс болж түгжрэлийн нэлээд хувь нь бий болдог. Хөдөлгөөнд соёлтой оролцох соёлыг хялбаршуулсан байдлаар илэрхийлсэн  телевизийн шторк, мэдээллийг НИТХ-аас тодорхой зардал гаргаж шийдвэрлээд  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар явуулмаар байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг олон нийтийн 60 гаруй цагдаагийн цалингийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг НГХУСАЗЗ-өөс хүсэх байна” гэлээ.

Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн  С.Энхтөр “Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд сүүлийн үед хэд хэдэн судалгааг авч ажиллуулж байгаа. Мөн нийгмийн сэтгэл зүйчийг авч ажилуулж байна. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс нийгэм рүү хандсан  шийдвэр гарахад нийгэм олон нийт хэрхэн хүлээн авч байгааг судлан, судалгаанд түшиглэн ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Манай байгууллагын зүгээс гэрлэн дохионы нөхцөл, зохицуулалтыг  хариуцан ажилладаг. Бидний зүгээс иргэд гар утсаараа хөдөлгөөний ачаалал, замын түгжрэлийн талаарх мэдээллийг авах боломжийг бий болгосон. Мөн олон улсын жишигт нийцсэн хотын төврүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Удахгүй бид иргэд, жолооч нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарын мэдээллийг манай төв рүү шууд ирүүлдэг гар утасны апплекейшнийг гаргахаар бэлтгэж байна. Түүнчлэн гэрлэн дохиог хөдөлгөөний нягтралыг харгалзан алсаас нь удирддаг  системийг нэвтрүүлсэн” гэдгийг илэрхийллээ.

Уулзалт, арга хэмжээний төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлж, замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлд иргэн бүрийн  үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, энэ чиглэлд эрдэмтэн судлаачдын багийг татан оролцуулж, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатайгаар, хамтын хүчээр энэ ажлыг урагшуулах нь чухал гэдгийг онцоллоо.

НИТХ-ын ХМОНХТ

ХАВСРАЛТ: