НИТХ гэр хорооллыг орон сууцжуулахаар хэрэгжүүлж байгаа ажлыг хэлэлцэж байна

2018 -оны 1 -р сарын 26

981

image

НИТХ-ын ээлжит XIII хурал 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон НИТХ-ын хороодын  бүтэц өөрчлөх тухай асуудлыг хурлаар  хэлэлцэхээс өмнө   НИТХ-ын хурлын дэгт өөрчлөлт оруулах горимын санал дэвшүүлж санал хураасан боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон Гэр хорооллыг  орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, авч хэрэгжүүлэх арга замын тухай танилцуулгыг НИТХ-ын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал оруулж, санал хураалт явагдсан ч мөн олонхийн санал авч дэмжигдсэнгүй.

Энэ асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл, Э.Бат-Үүл нар санал хэллээ. НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл: "Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бол нийслэлийн өмнө тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудын нэг учраас үүнийг хойшлуулахгүй өнөөдрийн хурлаар хэлэлцэх ёстой, харамсалтай нь энэ асуудалд манай зарим төлөөлөгчид улс төржүүлэх байдлаар хандаж байгаа нь буруу юм" гэсэн бол НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: "Энэ асуудалд улс төржүүлж хандаж байгаа хүн байхгүй, С.Батсүмбэрэл  төлөөлөгч л өөрөө улс төржүүлж байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг богино, дунд, урт хугацааны гэсэн төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой, миний хувьд өмнө нь хотын даргын оруулж ирсэн танилцуулгыг хараад харамсаж байсан. Цаашид энэ асуудалд илүү судалгаа тооцоотой,  урт, богино,  дунд  хугацааны гэсэн төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой" гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Бид Э.Бат-Үүл даргын шүүмжлэлийг хүлээн авч байна. Энэ асуудлыг илүү нарийн судалж, тооцож оруулж ирэх нь зүйтэй гэж төлөвлөж байгаа болохоос бид асуудлаас бултаж, зугатаж байгаа хэрэг биш гэдгийг энд зориуд хэлье" гэлээ.

Хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд НИТХ-ын ажлын албаны  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямбын  НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тайлан сонсголоор  үргэлжилж байна.

ХАВСРАЛТ: