Журам батлах тухай

2016 -оны 8 -р сарын 31

298

2016 оны 08 сарын 31 өдөр                                              Дугаар 13                                             Улаанбаатар хот

 

 

 

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын урамшилт эргүүлийг ажиллуулсугай.

 

 2.”Хэв журмын урамшилт эргүүл” ажиллуулах  журмыг хавсралтаар баталсугай.

 

3.Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Ухаалаг цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсүгэй.

 

            4.Энэхүү тогтоолоор батлагдсан “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллуулах журамд заасан үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эхний ээлжинд шаардагдах зардлыг 2016 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтээс гаргаж, цаашид журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр төсөвт тусгуулахыг, “Ухаалаг цагдаа” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  /М.Буяндэлгэр/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГА                                                     Ц. САНДУЙ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын   31-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралт

 

ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ

 АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэртээ амар тайван, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийг хэв журмын урамшилтай эргүүлээр ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Хэв журмын урамшилтай эргүүл нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр болон энэхүү журмыг баримтална.

Хоёр. Зорилго

2.1.Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагд суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Гурав. Хэв журмын урамшилтай эргүүлийн үйл ажиллагааны чиглэл

3.1.Гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэх.

3.2.Иргэд өөрсдийн амьдарч буй гэр, байр, гудамжны аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг зохион байгуулах.

3.3.Иргэд, оршин суугчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомж сурталчлах.

3.4.Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

Дөрөв.Хэв журмын урамшилтай эргүүлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

4.1.Хэв журмын урамшилтай эргүүлийг дараах байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

4.1.1.Нийслэл - Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газар

4.1.2.Дүүрэг - дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг дарга, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс

4.1.3.Хороо - Иргэдийн нийтийн хурал, Засаг дарга, хороо хариуцсан хэсгийн байцаагч тус тус мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Тав. Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрх, үүрэг

5.1.Улаанбаатар хотын цагдаагийн газар нь сайн дурын үндсэн дээр тухайн дүүрэг, хороонд байнга оршин суугч иргэнийг хэв журмын урамшилтай эргүүлээр ажиллуулахаар сонгон баталгаажуулж, ажиллуулна.

5.2.Хэв журмын урамшилтай эргүүлд  дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс үнэмлэх олгох бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газраас таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хантаазаар хангана.

5.3.Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэв журмын урамшилтай эргүүлийг сар тутам сургалтад хамруулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангана.

5.4.Хэв журмын урамшилтай эргүүлийн ажлыг хорооны хэсгийн байцаагч өдөр дутам мэргэжлийн  удирдлагаар ханган,  тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс  дүгнэн сар бүр батлагдсан төсвийн хүрээнд урамшуулна.

Зургаа. Хэв журмын урамшилтай эргүүлийн эрх, үүрэг

6.1.Хэв журмын урамшилтай эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

6.2.Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулж, хамтран ажиллана.

6.3.Хууль хэрэгжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад санал гаргана.

6.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах.

Долоо. Хүлээлгэх хариуцлага.

Хэв журмын урамшилтай эргүүл нь эрх мэдлээ хэтрүүлэн хууль тогтоомж, энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

ХАВСРАЛТ: