Экспертийн зөвлөл байгуулах тухай

2016 -оны 9 -р сарын 16

124

2016 оны 09 сарын 16 өдөр                                           Дугаар 22                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Экспертийн зөвлөл байгуулах

тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус экспертийн зөвлөлийг байгуулсугай.

2.Экспертийн зөвлөлийг сонгон шалгаруулах журмыг хавсралтаар баталсугай.

 

3.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Буяндэлгэрт үүрэг болгосугай.  

             

 

 

 

 

 

ДАРГА                                                           Ц.САНДУЙ

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын    16-ны өдрийн 22 дугаар тогтоолын  хавсралт

 

Экспертийн зөвлөлийн гишүүнийг

сонгон шалгаруулалтын журам

 

1.Нийтлэг үндэслэл

 

1.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус экспертийн зөвлөл /цаашид зөвлөл гэх/-ийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

 

1.2.Зөвлөлийн гишүүдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан төлөөлөгч, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй комисс байгуулж, сонгон шалгаруулна.

 

  1. Комиссын үйл ажиллагаа

 

2.1.Зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх

 

2.2.Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлж Комисст өөрийн биеэр авчирч өгнө.

            а/ 3 үеийн товч намтар,

            б/ төрийн албан хаагчийн анкет, сургууль төгссөн диплом гэх мэт

            в/ иргэний үнэмлэхний хуулбар

            г/ мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх /нийгмийн даатгал/

 

2.3.Комисс нь олон нийтэд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор иргэний нэр дэвших хүсэлтийг хүлээж авна.

 

2.4.Энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангаагүй нэр дэвшигчийг комисс бүртгэхгүй.

 

  1. Санал авах үйл ажиллагааг зохион байгуулах

 

3.1.Комисс нь Зөвлөлд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг хүлээж авч дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор шаардлага хангасан гэж үзсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлнэ.

 

3.2.Шаардлага хангасан нэр дэвшигчдийн мэдээллийг цахим хуудсанд 30 хоногийн хугацаанд нийтэд ил тод тавьж, санал авах ажлыг зохион байгуулна.

 

3.3.Комисс нь цахим хуудсаар ирүүлсэн саналыг 7 хоногийн хугацаанд нягтлан үзэж, хамгийн их санал авсан дарааллаар нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, эхний 10 нэр дэвшигчийг сонгон ярилцлаганд оруулж, хамгийн өндөр оноотой 5-9 нэр дэвшигчийг шалгаруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, томилно.

 

4.Зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх

 

4.1.Зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

            а/ Ашиг сонирхлын зөрчил үүссэн нь тогтоогдсон

            б/  Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан

            в/ Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон

            г/ Эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон

            д/ Зөвлөлийн хурал болон дотоод ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй

            е/ Захиргааны зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан

 

4.2.Энэ журмын дээрх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

 

4.3.Зөвлөлийн гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд сул орон тоонд журмын дагуу гишүүнийг нөхөн томилно.

ХАВСРАЛТ: