logo

Журам батлах тухай


2016 -оны 9 -р сарын 16

119

2016 оны 09 сарын 16 өдөр                                              Дугаар 23                                           Улаанбаатар хот

 

  

 

 

Журам батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

            1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх  “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн иргэдтэй хийх уулзалтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

            2.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, хурлын ажлын албаны албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, тэдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Буяндэлгэрт үүрэг болгосугай.  

 

 

 

ДАРГА                                                           Ц.САНДУЙ

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын     16-ны өдрийн 23 дугаар тогтоолын  хавсралт

 

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ЖУРАМ

 

  1. Нийтлэг үндэслэл

 

              1.1.Энэхүү журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн иргэд /сонгогч/-тэй хийх уулзалтыг зохион байгуулах, иргэдээс гаргасан санал, санаачилгыг холбогдох журмын дагуу нийслэлийн бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, өргөдөл, гомдлыг нь судлан шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

              1.2.Энэхүү журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид /цаашид төлөөлөгч гэх/ болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /цаашид Ажлын алба гэх/, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /цаашид Үйлчилгээний нэгдсэн төв гэх/, нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага /цаашид байгууллагууд гэх/-ууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

 

              1.3.Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчдийн иргэдтэй хийх уулзалтыг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хамтран зохион байгуулах бөгөөд энэхүү журмын үйлчлэлд хамаарахгүй.              

 

              1.4.Нийслэлийн хэмжээнд уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаа нь өргөдөл, гомдлыг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, хариу өгөх, хяналт тавих, тайлагнах зориулалтаар ашиглаж байгаа www.smartcity.mn домайн нэр бүхий веб сайтад суурилсан, он-лайн програм хангамж /цаашид “өргөдөл, гомдлын нэгдсэн програм” гэх/-аар явагдана.

 

              1.5.Уулзалтаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 66 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

  1. Уулзах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, буцаах

 

              2.1.Нийслэлийн хэмжээнд уулзах хүсэлтийг дараах эх үүсвэрүүдээр хүлээн авна.

                  2.1.1.Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1800-1200 дугаарын утас;

                    2.1.2.www.ub1200.mn цахим хуудас;

                    2.1.3.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон салбар/;

                  2.1.4.Мессеж /131200 дугаарт/;

                  2.1.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба.

 

          2.2.Бүртгэлд дараах мэдээллийг заавал тусгасан байна.

                          2.2.1.Иргэний овог, нэр;

                          2.2.2.Оршин суугаа хаяг;

                          2.2.3Регистрийн дугаар;

                          2.2.4.Холбоо барих үүрэн утас /гар утас/-ны дугаар;

                          2.2.5.Хандсан албан тушаалтан;

                          2.2.6.Шийдвэрлүүлэх асуудал;

                          2.2.7.Гарын үсэг, холбогдох нотолгоо, баримт, нэмэлт материал, бусад шаардлагатай зүйлс

 

              2.3.Энэ журмын  2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4 дэх хэсэгт заасан эх үүсвэрээр ирүүлсэн уулзах хүсэлтийг Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдлын нэгдсэн програмд бүртгэнэ.

 

              2.4.Энэ журмын 2.1.5 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр ирүүлсэн уулзах хүсэлтийг  Ажлын албаны өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдлын нэгдсэн програмд бүртгэнэ.

 

              2.5.Дараах тохиолдолд уулзалт зохион байгуулахгүйгээр хүсэлт гаргасан иргэнд энэ журмын дагуу амаар хариу өгнө.

 

            2.5.1.Энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан мэдээлэл дутуу, тодорхой бус;

            2.5.2.Уулзах хүсэлтэд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, эсхүл шүүхийн шатанд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа бол;

            2.5.3.Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

            2.5.4.Үнэ төлбөргүй орон сууц хүссэн бол;

            2.5.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандахдаа холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногоос хэтрүүлэн гомдол ирүүлсэн бол;

            2.5.6.Тэтгэмж, мөнгөн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх тухай холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад асуудлаар гаргасан, эсхүл мөнгөн дүн хэтэрсэн хүсэлтийг ирүүлсэн бол;

            2.5.7.Тухайн  албан тушаалтанд  өмнө нь хандаж хариу авч байсан бөгөөд дахин судлан шийдвэрлэх шаардлагагүй бол;

            2.5.8.Холбогдох хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

 

  1. Уулзалтын зохион байгуулалт

 

3.1.Үйлчилгээний нэгдсэн төв нь уулзалтын журам болон хуваарь, зохион байгуулалтын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.

 

3.2.Ажлын албаны намын бүлгийн ажилтнууд тухайн иргэнийг уулзалтын тэмдэглэл, шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл /зөвхөн өөрт нь хамаарах/-ээр хангаж ажиллана.

 

3.3.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан эх үүсвэрээр хүсэлтээ ирүүлж, бүртгүүлсэн иргэдийн уулзалтыг Ажлын албаны намын бүлгийн ажилтнууд уулзалтын хуваарь болон энэ журмын дагуу зохион байгуулж ажиллана.

 

3.4.Уулзалтыг сар бүрийн 1 болон 3 дугаар долоо хоног бүрийн Лхагва гарагт Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудад ирсэн өргөдлийн дарааллаар холбогдох төлөөлөгчдөд уулзалтаас 2 хоногийн өмнө мэдэгдэх, Нийслэлийн төр захиргааны V байранд байрлах иргэний танхимд сар бүрийн 7 хоног тутам мягмар, лхагва, пүрэв гарагуудад  тус тус зохион байгуулна. Уулзалтын хуваарийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга батална.

 

3.5.Уулзалтын үргэлжлэх хугацаа нь хуваарьт өдрийн 09:00 цагаас 13:00 цаг буюу нийт 4 цаг байна. Төлөөлөгчид шаардлагатай гэж үзвэл уртасгасан цагаар уулзалтыг зохион байгуулж болно.

 

3.6.Ажлын албаны намын бүлгийн ажилтнууд уулзалтыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, тэмдэглэлийг баталгаажуулах, хүсэлтийг шийдвэрлүүлэх, иргэнд хариу мэдэгдэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллана.

 

3.7.Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтнууд уулзалт зохион байгуулах өрөө тасалгаа, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулж ажиллана.

 

3.8.Уулзалтанд тухайн дүүргээс сонгогдсон хэд хэдэн төлөөлөгч хамт оролцож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж болно.

 

3.9.Уулзалтын үеэр иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг төлөөлөгч хүлээн авч, боломжтой бол газар дээр нь, эсхүл тодорхой хугацааны дараа /30 хоногийн дотор/ тухайн асуудлыг судлан шийдвэрлэж, хариу өгнө.

 

3.10.Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлж болно.

 

  1. Эрх, үүрэг, хариуцлага

 

4.1.Төлөөлөгч нь дараах эрх, үүрэгтэй:

 

4.1.1.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, нэг мөр эцэслэн шийдвэрлэх зорилгоор тухайн асуудлын учир шалтгааныг сайтар тодруулах, тайлбар тодруулга авах, нягтлан шалгах, шаардлагатай бол нэмэлт баримт материал бүрдүүлж өгөхийг иргэдээс шаардах эрхтэй;

 

4.1.2.Уулзалтанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах, тайлбар мэдээлэл авах эрхтэй;

 

4.1.3.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтнуудад иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хугацаатай үүрэг даалгавар өгөх, биелэлтэд нь хяналт тавих, шаардлага хүргүүлэх эрхтэй;

 

4.1.4.Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зөвшөөрөөгүй болон хөрөнгө, санхүүгийн нөөцийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй байгаа асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, шийдвэрлэхгүй байх эрхтэй;

 

4.1.5.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, нэг мөр эцэслэн шийдвэрлэх, шийдвэрлүүлэх үүрэгтэй;

 

4.1.6.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, шийдвэрлэлтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй;

 

4.1.7.Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон болон төсөв, төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө, санхүүгийн нөөц шаардсан асуудлаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй;

 

4.1.8.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, байдал, хариу, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй;

 

4.1.9.Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй.

 

4.2.Ажлын алба, намын бүлэг, тэдгээрийн албан хаагчид нь дараах эрх, үүрэгтэй:

 

4.2.1.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх, уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тухайн асуудлын учир шалтгааныг сайтар судлах, иргэдээс тайлбар тодруулга авах, асуудлыг нь нягтлан шалгах, шаардлагатай бол нэмэлт баримт материал бүрдүүлж өгөхийг иргэдээс шаардах эрхтэй;

 

4.2.2.Уулзалтанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах, татан оролцуулах эрхтэй;

 

4.2.3.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтнуудад иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хугацаатай үүрэг даалгавар өгөх, биелэлтэд нь хяналт тавих, шаардлага хүргүүлэх, уулзалтын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй;

 

4.2.4.Уулзалтын журам болон хуваарь, зохион байгуулалтын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулж, иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй;

 

4.2.5.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан эх үүсвэрээр хүсэлтээ ирүүлж, бүртгүүлсэн иргэдийн уулзалтыг уулзалтын хуваарь болон энэ журмын дагуу зохион байгуулж ажиллах үүрэгтэй;

 

4.2.6.Уулзалтын талаарх бүхий л баримт материалыг холбогдох дүрэм, журмын дагуу хадгалах, архивлах үүрэгтэй;

4.2.7.Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй.

 

4.3.Үйлчилгээний нэгдсэн төв, тэдгээрийн албан хаагчид нь дараах эрх, үүрэгтэй:

 

4.3.1.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авахдаа энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан мэдээллийг бүрэн ирүүлэхийг иргэнээс шаардах эрхтэй;

 

4.3.2.Энэ журмын 2.5 дахь хэсэгт заасан нөхцөлтэй уулзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, бүртгэхгүй байх эрхтэй;

 

4.3.3.Уулзалтанд оролцох иргэд болон оролцогч талуудад зар хүргэх,                  байлцуулах үүрэгтэй;

 

4.3.4.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авахдаа тухайн асуудлын учир шалтгааныг сайтар тодруулан ямар асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж байгааг дэлгэрэнгүй, тодорхой байдлаар бүртгэн авах үүрэгтэй;

 

4.3.5.Уулзалтын журам болон хуваарь, зохион байгуулалтын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулж, иргэдийг мэдээллээр хангах үүрэгтэй;

 

4.3.6.Иргэдийг тэдний гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах үүрэгтэй;

 

4.3.7.Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудад уулзалт зохион байгуулах байр, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүрэгтэй;

 

4.3.8.Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй.

 

4.4.Байгууллагууд, тэдгээрийн албан хаагчид нь дараах эрх, үүрэгтэй:

 

4.4.1.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, нэг мөр эцэслэн шийдвэрлэх зорилгоор тухайн асуудлын учир шалтгааныг сайтар тодруулах, тайлбар тодруулга авах, нягтлан шалгах, шаардлагатай бол нэмэлт баримт материал бүрдүүлж өгөхийг иргэдээс шаардах эрхтэй;

 

4.4.2.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй;

 

4.4.3.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Төлөөлөгчдөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавар, шаардлагыг шуурхай биелүүлж, биелэлтийг эргэн танилцуулах үүрэгтэй;

 

4.4.4.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, байдал, хариу, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй;

 

4.4.5.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд байгууллага дотроо хяналт тавих, шийдвэрлэлтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй;

 

4.4.6.Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй.

 

Тав. Бусад

5.1.Энэхүү журмын дагуу уулзалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа нийт байгууллага, албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн холбогдох хууль журамд нийцүүлж ажиллана.

 

5.2.Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

5.3.Цаг үеийн нөхцөл байдал, онцгой тохиолдолд шуурхай /яаралтай/ уулзалтыг зохион байгуулж болох бөгөөд тухайн тохиолдолд энэхүү журам нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. 

 

5.4.Иргэн өөрийн гаргасан уулзах хүсэлтийн шийдвэрлэлт болон шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хууль, хяналтын байгууллагад нотлох баримт болгон өгөх тухай хүсэлт гаргаж хандвал Ажлын алба уулзалтын бүртгэл хяналтын карт болон уулзалтын тэмдэглэлээс тухайн иргэнд хамаарах хэсгийг хэвлэж, “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулж өгнө.

БИДНИЙ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ

Утас : 32-58-26
Факс : (976-11) 32-58-26
Вэб : citycouncil.mn

ХАНДАЛТЫН ТОО

Өнөөдөр : 32
Энэ долоо хоног : 32
Энэ сар : 32