Налайхын хүүхдүүд эмнэлэгтэй болов

2017 -оны 10 -р сарын 30

61

image

Нийслэлийн Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар “Бадрах инженеринг” ХХК хийж гүйцэтгэсэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

7 сарын хугацаанд сүндэрлэн боссон 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин нэг сая юаний өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай баяртай мэдээ дуулгав. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг барих ажлыг анх санаачилж, уйгагүй хөөцөлдсөний эцэст ийнхүү биеллээ олж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компани, энэхүү ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Налайхын хүүхэд, залуусын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сахин хамгаалах будаг нь ханхалсан цоо шинэхэн орд өргөө нээлтээ хийлээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

ХАВСРАЛТ: